sonin.mn


СӨҮЛ. /ВВС/. Өргөн цар хүрээг хамарсан асуудлаар ирэх сард дээд түвшний хэлэлцээ хийхийг Умард Солонгост Өмнөд Солонгос санал болголоо.

60 гаруй жилийн өмнө Солонгос хоорондын дайны үеэр хуваагдсан гэр бүлүүдийг төрөл төрөгсөдтэй нь уулзуулах тухай хэлэлцэнэ гэдэгт их найдаж байгаагаа Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Рё Киль Жэ илэрхийлсэн юм.

Харин Пхеньян энэ саналд хараахан ямар нэг хариу өгөөгүй байна.

Умард Солонгос энэ саналд “эерэг хариу” өгнө гэдэгт сайд найдаж байна.

Уулзалтыг Сөүл, Пхеньянд эсвэл Өмнөд болон Умард Солонгосын аль нэг хотод нөгөө талын албаны хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр хийх хүсэлтэй байгаагаа сайд Рё Киль Жэ хэлсэн юм.

Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард хоёр тал дээд түвшний албан ёсны хэлэлцээ хийснээр хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг