sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /NHK/. Индонезоос Сингапурын чиглэлд ниссэн, иргэний агаарын тээврийн “AirAsia” компанийн онгоц сураггүй хэвээр байна.

Индонезийн иргэний агаарын тээврийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “Airbus A320” онгоц тус улсын хоёр дахь том хот Сурабаяас хөөрснөөсөө нэг цаг орчмын дараа буюу орон нутгийн цагаар өнөө өглөөний 06:17 цагт нислэгийн диспетчертэй холбоо тасарсан юм.



Уг онгоцонд зорчигч, багийн гишүүн нийлсэн нийт 162 хүн сууж явсан байна.

Тэдний 156 нь Индонезийн, гурав нь Өмнөд Солонгосын иргэн бол, Малайз, Сингапур болон Францын тус бүр нэг иргэн сууж явсан аж.

Үүл тойрч гарахын тулд зүүн тийш эргэж, нислэгийн өндрөө 9700 –гаас 11600 метр болгон нэмэхийг зөвшөөрөхийг нисгэгч нь хүссэний ердөө дараахан уг онгоц алга болсон гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.

Тэдний хэлснээр, тухайн үед Калимантан арлын баруун хэсэгт цаг агаарын байдал тааламжгүй байжээ.

Энэ онгоцыг нисдэг тэрэг болон хөлөг онгоцуудаар хайж байна.

“AirAsia” нь 2001 онд байгуулагдсан Малайзын пүүс юм. Тус компани 2002 онд зөвхөн нэг чиглэлд нислэг үйлддэг байсан бол, одоо дэлхийн 80 гаруй хот руу нислэг үйлдэж байгаа аж. Сая сураггүй болсон “Airbus A320” нь тус группын харьяа компаниудын нэг болох “Indonesia AirAsia” компанийн онгоц юм.



2014 он нь Азийн, ялангуяа Малайзын иргэний агаарын тээврийн хувьд хүнд жил болж өнгөрч байна. Тодруулбал, Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанид энэ онд хоёр томоохон гарз гарсан билээ. Тус компанийн 239 хүнтэй онгоц энэ оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд  “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад алга болсон юм. Энэ онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж байгаа билээ. Мөн энэ оны долдугаар сард тус компанийн “МН17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоцыг Украины зүүн нутагт пуужингаар харван унагаасны улмаас дотор нь сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн юм.



Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"