sonin.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2014.12.26/ ХӨСҮТ-ийн дээр очиж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаатай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос уг асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүд хүүхдийн эмнэлгийн асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ дотоод зохион байгуулалт хийх байдлаар тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг байрлуулах, тэр дундаа мэргэжлийн хүмүүсийн санал болгосноор тус төвийн 50 ортой нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг болгон ашиглах боломж бий эсэхийг тодруулав.

ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь 50 ортой, гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилладаг байна. Тус төвийн мэргэжилтнүүд Улсын Их Хурлын гишүүдэд томуу болон томуу төст өвчтэй хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлэх нь тохиромжгүй гэдэг саналыг хэлэв.

Шалтгаан нь олон төрлийн халдварт өвчний эмчилгээ явагддаг ХӨСҮТ-д томуу болон томуу төст өвчний улмаас дархлаа нь суларсан хүүхдүүдийг байрлуулах нь эрсдэлтэй. Мөн хүүхдүүдэд үйлчлэх мэргэшсэн эмч нарын баг байхгүй. Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд гэнэтийн гоц халдвар дэгдсэн үед шуурхай ажиллах үүрэгтэй ганц байгууллагын байнгын бэлэн байдлын дэглэм алдагдана гэдгийг тооцох нь зүйтэй гэв.

Үүний дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Тус эмнэлэг гамшгийн үед ажиллах төлөвлөгөөний дагуу улирлын чанартай ачаалал ихсэх үед 100 ор нэмж байрлуулснаар хүүхдийн тасаг нь 125 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

Ачаалал, үйлчилгээний хүртээмжийн тал дээр ямар нэг хүндрэл гараагүй, өнөөдрийн байдлаар 122 хүүхэд хэвтэн эмчүүлж байна хэмээн тус эмнэлгийн дарга М.Чимгээ танилцууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.