sonin.mn

Австралийн профессор Э.Уолтер “Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй. Төрийн өмчит компани олширч, алдагдал их байна гэдэг төрийн оролцоо өндөр байгаагийн илрэл” гэж манайханд анхааруулан зөвлөснийг ерөнхийлөгчөөс (том төрөөс ухаалаг төрлүү) бусад хэн ч тоосонгүй.

Төрийн өмчит компаниуд нүдэн дээр унаж, мөхөж байхад хувийн өмчтэй нь дэвшиж дэлгэрч улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80% гаруйг бүтээж байгааг “төрийн түмэн мэлмий” харж л баймаар.

Төрийн өмчит үйлчилгээний байгууллага дундаас олон түмний эрэлт хэрэгцээ болсон салбар бол Эрүүл мэнд.

Энэ бол улсын төсвийн бараг тавны нэгийг залгидаг “мангас”. Энэ “аварга динозавр” олон тэрбумаар авлигалын сүлжээнд торлогдсоныг хэн хүнгүй мэднэ.
Одоо яах вэ

Эрүүл мэнд яагаад өвчинд баригдав. “Энхрий хайрт” нам засгийн ивээл дор үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлдэг социалист тогтолцоог мөргөн биширсээр ... ийм байдалд хүрээд хорь гаруй жилийн нүүр үзлээ.

Дэлхийд 2000 гаруй жилийн өмнө хуарангийн эмнэлэг бий болжээ. Энэ бол өвдөж зовсон ядуусыг олноор нь тусгайлан хуарагнуулж эрүүл мэндийн тусламж үнэ төлбөргүй үзүүлдэг шашны сайн дурын байгууллага. Олонхи нь халдварт ба хүнд өвчтэй хүмүүс байсан учраас бөөнөөр нь ялган тусгаарлах, нас барагчдыг булж далдлах үүргийг бас гүйцэтгэнэ. Ийм нийтийн (хуарангийн) эмнэлэг бол олон хүнийг үнэ төлбөргүй эмчилдэг төрийн өмчит эмнэлгийн эх үүсвэр болсон байна.
Харин чинээлэг болон дунд давхрагынхан гэртээ эмч, сувилагч ирүүлж төлбөр төлж амарждаг, өвчнөө эмчлүүлдэг “гэр-эмнэлэг” олон зуун жилийн соёл иргэншлийн үр дүнд хувийн эрүүл мэндийн тогтолцооны эхлэл болж өгчээ.

Монголчуудын сонгосон зах зээлийн эдийн засаг буюу хувийн өмчийн жишигт орсон худалдаа үйлчилгээ, барилга байгууламж, хөдөө аж ахуй гээд бүх эдийн засаг, үйлчилгээний салбар нийгмийн хөгжлийн “нүд ирмэх” зуур яаж өөрчлөн шинэчлэгдсэнийг бид харж байна.

Эрүүл мэндийн уналтанд өртөлгүй хувийн хэвшилд шилжиж хөл дээрээ босч дэлхийн жишигт хүрсэн салбар бол эм хангамж.

Тэгвэл эрүүл мэндийн социалист тогтолцооны хар сүүдэрт орсон эмнэлгийн тусламж үйлчилгээний урт цуваа (очер!) хэрүүл шуугиан, “арын хаалга”, их бага авлигын сүлжээ олон түмнийг залхааж, чирэгдүүлсээр байна. Зүүн гар нь социализм (эмнэлэг), баруун гар нь капитализм (эм хангамж) гэсэн эрүүл мэндийн “эрлийз” тогтолцоо гартаа “гавтай” хөлдөө “чөдөртэй” “тийчилж” байг уу?
Эрүүл мэндийн үйлчилгээний нэг дэх хохирол энэ. Хоёрдох нь хамгийн аюултай нь. Мэргэжил мөхөстсөн, мэдлэг дордсон. Ийм учраас эмчийн цалин ядахдаа хоёр гурван саяд хүргэж чадаагүй, 5-10 жил өндөр үнээр бэлтгэгддэг эмчийн мэргэжил, чанар, чадвар мартагдсан. Үр дүн нь монгол хүний эрүүл мэнд, монголын эрүүл мэндийн тогтолцоо нэгэн зэрэг унах аюул. Энэ хүнд өвчний шинж тэмдгийн илрэл бол Япон, Солонгос, Сингапур, Тайландийн эмнэлэг манай эх орны эрүүл мэндийн зах зээлийн замын түгжрэлийг эвдэн “хурдны зам” гаргаж эхэллээ. Энэ замаар хот хөдөөгийн хүн амын 3,3% буюу жил болгон 92400 хүн гадаадын эмчилгээнд явж байна. ЭМЯ-аас (2012 он) гаргасан судалгаагаар манай улсад эмчлэх боломжгүй 33 өвчнийг эмчлүүлэхээр жилд дал гаруй мянган хүн хил давж байна гэсэн мэдээлэл бий.

Манайхны хамгийн олноор очдог БНСУ-ын (харьцангуй хямд!) ханшаар тооцвол жилд 197,1 тэрбум орчим ам доллар гадагш урсаж байна гэсэн үг.

Улс болгонд “Их сургуулийн эмнэлэг” (University hospital) гэсэн сургалт-судалгаа-эмнэлэг-нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг хослон цогцолсон томоохон эмнэлэг байдаг.

Ерээд он гарч юм болгон өөрчлөгдөх дуулианаар сайдын сэнтий зүүсэн нэг ухаангүй албат нь “тушаал” гаргаж Их сургууль, эмнэлгийн дунд хэрүүлийн бай босгоод огцорч нүүрээ даран зугтаасан. Нөгөө талаар одоо дээд сургууль болгон өөрөө өөртөө Их сургууль (Университет) гэсэн “том толгой”-той болчихсон. Гурван сая хүрэхгүй манай улс нэг (сайндаа хоёр) их сургуулийн бүтцэнд Анагаахын, Техникийн, Боловсролын, Хүмүүнлэгийн гээд дээд сургуультай болж байж Их сургуулийн эмнэлэг гэсэн оносон нэршил гарна. Боловсролын тогтолцоо зах зээлийн жаягаар бүрэн хувьчлагдаж чадаагүйн гэрч энэ.

Саяхан эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (Анагаах ухааны дээд сургууль) Япон улсын тусламжаар Их сургуулийн эмнэлэг бариулж “манлай” эмнэлэг болох тухай мэдээлэл тарж байна. Монгол улсын их сургуулийн “Япон эмнэлэг” гэдэг хачирхалтай. Хувийн хэвшлийн гадаадын хөрөнгө оруулалттай ийм эмнэлэг, социалист тогтолцооны хуарангийн монгол эмнэлгийг шахан зайлуулах хүч түрж байгааг эндээс харж болно.

Гадаадын хөрөнгө оруулалттай монгол биш эмнэлэг гарч ирж өртөг нь гадагш урсаж байгаа нь тэдний буруу биш. Харин эрүүл мэндийн социалист тогтолцоог задалж, эмнэлэг шиг эмнэлэг, эмч шиг эмч, сувилагч шиг сувилагч, биоинженер шиг биоинженертэй болж чадаагүй монгол төрийн авлигалын сүлжээний хар сүүдэр.

Төрийн өмчийн эмнэлгүүдийг яаралтай хувьчилж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэний эрүүл мэндийн даатгал (ИЭМД)-ын сангаар хангах дорвитой ажил Монголын эрүүл мэндийн тогтолцооны аминд тулсан асуудал.

Эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болсон эм хангамжийн бэлэн сайн туршлага дээр үндэслэн “том төрөөс ухаалаг төрлүү” гэсэн ерөнхийлөгчийн санаачлага ажил хэрэг болж монголын эрүүл мэндийн “архаг хуучтай” социалист тогтолцоог зах зээлийн эдийн засгийн жишгээр хувьчлах, шинэчлэх асуудал маргаашийн бус өнөөдрийн “асуултын тэмдэг” болоод байна.

Эрүүл мэндийн яамнаас 2023 он хүртэлх арван жилийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого” гэсэн том баримт бичиг гарган хэлэлцүүлгийн шатанд явж байна.

Төр хувийн хэвшлийн түншлэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн дээд шатны зургаан эмнэлгийн бүтцийг задалж “тараан байрлуулах” зэрэг авууштай санал сэдэл байгаа боловч социалист эрүүл мэндийн тогтолцооны аргаар баримжаалсан болохоор олон асуултанд хариу өгч чадалгүй гацчихлаа.

Эрүүл мэндийг “эмгэг хуучаас” нь салгах гурван арга зам байна. Нэгд, Халдварт өвчин, хавдар, эх нялхсыг төрийн мэдэлд үлдээж, бүтэц зохион байгуулалтын зарим өөрчлөлт хийж, “тараан байрлуулж” зах зээлийн жишиг тогтоох; Хоёрт, Анхан шатны өрх, сумын эмнэлгийг менежментийн хувьчлалаар эмч ажилчдын мэдэлд шилжүүлэх; Гуравт, Хот, хөдөөгийн хүн амд төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг гуравдах шатлалын эмнэлгийг хэд хэдэн аргаар хувьчлах.

Эхлээд эрүүл мэндийн салбарт гарч байгаа үндэсний эмнэлэг үйлчилгээний менежментэд дэмжлэг үзүүлэх. Жишээлбэл, үндэсний компаниудын хөрөнгөөр орчин үеийн дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмжөөр тоноглож, эмч, ажилтнаа сонгон шалгаруулалтаар авч, барууны эмнэлгийн менежментээр ажлаа эхэлж байгаа “Интер мед” эмнэлгийг I Төв эмнэлэгтэй үйл ажиллагааг нь нэгтгэн эрүүл мэндийн үндэсний корпорацийн эхлэл тавьж аажмаар Хан-Уул дүүргийн эмнэлэг үйлчилгээний төв болгон хөгжүүлэх.

Үндэсний “Пума Констракшн” компаний хөрөнгөөр боссон 300 ортой “Ачтан-Элит” эмнэлгийг III төв болон Баянгол дүүргийн эмнэлэгтэй үйл ажиллагааг нь “тараан байрлуулж” энэ дүүргийн цогцолбор үйлчилгээний загвар гаргах.

Гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг үйлчилгээний томоохон цогцолборыг бий болгомоор байна. Үүний тулд Солонгос улсын хөрөнгө оруулалтаар хүн амд төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлж байгаа “Сонгодо”, “Гранд мед” эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэн БНСУ-ын Самсунг эмнэлгийн иж бүрэн цогцолборыг эх орондоо оруулж эмнэлэг-үйлчилгээний шинэ үйлчилгээг Солонгосын менежментээр хөгжүүлэх.

Эрүүл мэндийн корпораци, эмнэлэг-үйлчилгээний төлбөрийн 80-85%-ийг эрүүл мэндийн даатгалын сангаар, 15-20%-ийг хувь хүмүүс гаргаж, эмч ажилчдын цалинг 2-3 дахин өсгөх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байж эрүүл мэндийн “архаг хууч” илаарших болов уу.

Доктор Цүрэмийн Мухар