sonin.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь тус байнгын хороонд харьяалагддаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.