sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/.  Барак Обамагийн Засгийн газар ОХУ-тай харилцахдаа улс төрийн ноцтой алдаа гаргаж байна гэж шинжээч Чарьз Ортел “The Washington Times” сонинд зориулж бичсэн нийтлэлдээ дурджээ.

"Обама болон түүний гэнэн, их зантай баг Оростой харилцахдаа геополитикийн хувьд Жимми Картер Ираны шах Моххамед Реза Пехлевиг түлхэн унагаж байснаас ч долоон дор алдаа гаргаж байна” гэж Ортел үзэж байна.

Шинжээчийн үзэж буйгаар, сүүлийн жилүүдэд дэлхий даяар цэргийн оролцоогоо эрс багасгаж, нийгэм, улс орны дотоодын хэрэгцээнд зардлаа нэмэгдүүлсэн АНУ амжилтаа хэтэрхий өндөр үнэлэх хэрэггүй. Учир нь “улсын нийт зардал нь орлогоосоо хол давсан байна”.

"АНУ-ын доллар хийгээд зонхилох байрыг Вашингтон эзэлдэг дэлхийн санхүүгийн тогтолцоог тэнцвэржүүлэгч хүчин зүйл бий болгох төлөвлөгөөг ОХУ Хятад, Энэтхэгтэй хамтран хэрэгжүүлэхийг яаравчилж байна" гэж тэрбээр үзэж байгаа аж.

Оростой сөргөлдөөнөө үргэлжлүүлэх бус харин "арга эвээ олж харьцахыг" Ортел Обамагийн Засгийн газарт зөвлөж байна.

"АНУ Оростой зөрчилдөөнөө үргэлжлүүлэхдээ л үргэлжлүүлнэ, тэгэхдээ одоо бид их өртэй болсон болохоор үүнийгээ зөвхөн нэг л нутаг дэвсгэрийн асуудлаар хязгаарлахгүй биз ээ" гэж шинжээч бичжээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn