sonin.mn

БЕЙРУТ. /RIA Novosti/. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалтыг нэгдүгээр сарын 22 эсвэл 26-нд товлосон байж магадгүй гэж тус улсын сөрөг хүчний "Сурия эль-Ватан" намын тэргүүн Мажида Нияз мэдээлжээ.

“Одоогоор тогтсон зүйл байхгүй байна. Уулзалтын өдрийг хараахан товлоогүй байгаа бөгөөд нэгдүгээр сарын сүүлээр 22 эсвэл 26-нд товлож магадгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Хэлэлцээнд оролцох дотоодын үндэсний сөрөг хүчний төлөөлөгчдийг уулзалтын өдрийг товлосны дараа томилно гэж Нияз үргэлжлүүлэн хэлжээ.

Засгийн газрыг төлөөлөх хүмүүсийн талаар ч одоо ярих эрт байна гэж Сирийн улс төрийн тоймч, шинжээч Али аль-Ахмад мөн хэлсэн байна.

Сирийн хямралыг зохицуулах уулзалтыг Москвад ирэх оны нэгдүгээр сарын 20-доор явуулахаар товлосон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич урьд нь мэдээлжээ.

НҮБ-ын мэдээллээр, Сирид 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 200 мянга гаруй хүн амиа алдсан байна. Тус улсын Засгийн газрын цэргүүд янз бүрийн зэвсэгт бүлэглэлд харьяалагддаг босогчдын отрядуудыг эсэргүүцэж байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn