sonin.mn

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

ГССҮТ-д 1575 хүн ханджээ


12 дугаар сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд ГССҮТ-д нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг санамсаргүйгээр унаж хөл гараа гэмтээх, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.

Эх сурвалж: ГССҮТ

Өвөрхангай аймгийн Тарагт суманд малын галзуу өвчин гарлаа

Өвөрхангай аймгийн Тарагт суманд үхэр болон нохой галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар тус газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: ОБЕГ



ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 19560 хүн өвчилжээ


2014 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ.

Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

 Эх сурвалж: ДЭМБ

 Дэлхий дахинд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна


 ДЭМБ-ын томуугийн шинэчлэгдсэн мэдээгээр:

 • Хойд Америкт томуугийн тархалт нэмэгдэн босго үзүүлэлтэд хүрч, A(H3N2) хэвшлийн вирус давамгайлж байна;

 • Европын улс орнуудад томуугийн A(H3N2) хэвшлийн вирусээр үүсгэгдсэн байгаа ч босго үзүүлэлтэд хараахан хүрээгүй байна;

 • Зүүн Азийн улсуудад томуугийн тархалт нэмэгдэж, A(H3N2) хэвшлийн вирус давамгайлж байна.

 Иймд иргэд та бүхнийг гадаадад зорчихдоо ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Шуурхай удирдлагын төв