sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. “Эбола” вирусийн халдварыг Либерид авсан НҮБ-ын энхийг сахиулагч эдгэрчээ.

Энхийг сахиулагчдынх нь нэг нь халдвар авч Либерийн нийслэл Монрави хотод эмчлүүлж байгаа тухай тус улс дахь НҮБ-ын Энхийг сахиулагчдын багийн тэргүүн Карин Ландгрен энэ сарын эхээр мэдэгдсэн байна. Түүнтэй харьцсан өөр 16 хүнийг тусгаарлаж, энхийг сахиулагчийн очсон газрыг ариутгажээ. Халдвар авсан энхийг сахиулагчийн нэр, насыг дурдаагүй байна.

АП агентлагийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Сьефан Дюжаррикийн мэдээллийг иш татан уламжилснаар, энхийг сахиулагчийг хожим нь Нидерландад эмчлэхээр хүргэжээ. Тус улсад түүний үхлийн аюултай вирусээр үүсгэгдсэн өвчин нь бүрэн эдгэрсэн байна. Нигерийн иргэн тэрбээр удахгүй үүрэгт ажилдаа орох бол мэргэжилтнүүд түүний биеийн байдлыг ажигласаар байх аж.

Энэ нь НҮБ-ын энхийг сахиулагчид “Эбола”-гийн халдвар авсан гурав дахь тохиолдол гэж урьд нь мэдээлжээ. Өмнөх хоёр тохиолдол нь нас барсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 12 дугаар сарын 21-ний байдлаар Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад 19431 хүн "Эбола"-гийн халдвар авсны 7565 нь нас баржээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn