sonin.mn

АБУЖА. /ВВС/. Нигерийн автобусны буудлын ойролцоо дэлбэрэлт болж 15 хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ.

Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, даваа гарагт зүүн хойд нутгийнх нь Гомбе хотод хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болох үед автобусны буудал орчимд олон хүн байсан аж.

Энэ хэрэгт ямар нэг бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна. Гэхдээ холбогдох албаны хүмүүсийн үзэж буйгаар, уг халдлагыг лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл үйлдсэн байж магадгүй.

Энэ сарын 14-нд “Боко Харам”-ынхан байх магадлалтай зэвсэгт этгээдүүд Нигерийн зүүн хойд нутгийн нэг тосгонд халдан 30 гаруй хүнийг хөнөөж, эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу 100 гаруй хүнийг хулгайлсан юм.

Дүрвэгчдэд хяналт тавьдаг олон улсын судалгааны байгууллагын мэдэгдсэнээр, “Боко Харам”-ын халдлагад өртөхгүйн тулд Нигерийн 1,5 сая орчим иргэн орон гэрээсээ дайжиж, улсынхаа бусад хэсэг рүү шилжжээ. Мөн тус улсын 150 мянга орчим хүн Нигер болон Чадын хилийг давсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn