sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл хийсэн билээ. Ингэхдээ тэрбээр манай улсад эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэснийг зарлаад зогсохгүй дорвитой арга хэмжээ авахгүй бол дампуурлаа зарлахад ойрхон байна гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн Монгол Улс төрөл бүрийн халамжийн системээсээ салахгүй бол байдал дээрдэхгүй гэдгийг ч хэлсэн юм. Тухайлбал, 0-18 насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянга, оюутнуудад олгодог 70 мянга цаашлаад одонтой эхчүүдэд төрөөс олгодог мөнгөн тэтгэлгүүдийг зогсоох бодлого барих шаардлагатайг мэдэгдэлдээ дурдсан юм.

Олон нийт түүний энэхүү мэдэгдлийг өөр өөрийнхөөрөө хүлээн авч, тайлбарлаж буй. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний энэхүү мэдэгдлийг УИХ-ын зарим гишүүн хэрхэн хүлээн авсныг сонирхлоо.

Р.Амаржаргал: Ч.Сайханбилэг ямар үнээр хямралаас гарахаар тооцсон юм бол доо

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг бичгээр хүлээн авч, уншсан. Үүнээс хэд хэдэн бодол төрсөн. Нэгдүгээрт, сүүлийн 20-25 жил ярьж байгаа гомдлын цуглуулга байна гэсэн бодол төрсөн. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын тавьж байгаа онош зөв үү буруу юу гэдэгт би туйлын их эргэлзсэн. Үндсэндээ өмнөх Засгийн газар руугаа хамаг зуйлийг чихэж байна лээ.

Гуравдугаарт, шийдэл нь зөв эсэхэд бүр их эргэлзсэн. Ерөнхий сайд хэлэхдээ “Хэнтий аймгийн Бигэр сум, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ ч юмуу тэндхийн нэг нийгмийн даатгалын байцаагчийн ажлаас нь халж байж эсвэл нэг малчинд татвар ногдуулж байж эдийн засгийн хүндрэлээс гарна” гэдэг зүйлийг хэлж байна лээ.

Хэрвээ зөв ойлгосон бол хэдэн хүнийг ажлаас нь халаад малчдад татвар ногдуулаад хямралаас гарна гэж би хувьдаа үзэхгүй байна. Дөрөвдүгээрт, ямар үнээр энэ хямралаас гарах вэ гэдгээ хэр зэрэг тооцсон юм бол доо гэсэн бодол л төрсөн.

Ч.Улаан: Монголд орж ирээгуй мөнгийг орлого болгож явсаар ийм байдалд хүрсэн шүү дээ

-Бид хямралын үед ажиллаж сурах хэрэгтэй. Энэ нь хүсэл мөрөөдлөө, хэрэгцээгээ хязгаарлана гэсэн үг. Одоо бодит хөрсөн дээрээ буух цаг болсон. Ер нь 2006, 2007 оноос эхлээд Монгол Улс орлогоосоо давж зардлаа нэмээд өнөөдөр зардлаа даахгүй хэмжээнд хүрсэн.

Бид өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд үүнийг засах гэж их оролдсон. Харамсалтай нь, тийм боломж олгоогүй. Өнөөдрийн хувьд парламентад суудалтай бүх нам хамтраад Засгийн газраа байгуулсан энэ үед бид хөрсөн дээрээ буух алхмаа хийх нь зөв. Тэгж байж цаашаа зөв явна. Зөв замаа сонгоно.

Тиймээс энэ бол зайлшгүй, хэзээ нэгэн цагт хийх байсан ажил. Одоо хийх санаачилга гаргаж байгааг би дэмжиж байна. Зоригтой хийх ёстой. Тэгж байж эрүүл хөрсийг бүрдүүлэх учиртай. Ний нуугүй хэлэхэд 2006, 2007 оноос эхлээд бид “Голланд'' өвчинд айхтар нэрвэгдсэн шүү дээ. "Манай улсад орж ирээгүй ийм зүйл болоогүй" гээд байсан болохоор үнэн хэрэггээ ийм өвчинд нэрвэгдээд зарлага нь орлогоосоо олон дахин даваад явчихсан.

Орлого нь хийсвэр. Хүний юмаар хүүдэгнэчихсэн. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирээгүй мөнгийг орлого болгож төсөвтөө бүртгээд эдийн засгийн өсөлт болгоод харуулчихсан юм шүү дээ. Үүнийгээ дагуулаад зардлаа хөөрөгдчихсөн. Зардлаа бууруулж чадахгүй явсаар ийм байдалд орчихсон юм. Тийм учраас энэ бол зайлшгүй хийх ёстой алхам.

Ц.Даваасүрэн: Малчдаас татвар аваад эхэлбэл мал маллах хүнгүй болно

-Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж, танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын торгоо, дэд сайд нартайгаа нэмээд явчих юм. Тэгсэн мөртлөө ард түмний халаас руу ороод эхэллээ.

Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Үүнийг бид дэмжихгүй. Энэ шийдпийн Засгийн газар мөн үү. Шийдлийн гэж нэр зүүчихээд хэлсэн ярьснаасаа буцаад байгааг нь эртхэн хэлмээр байна. Малчдын урамшууллыг өгөхгүй байхыг эсэргүүцэж байгаа.

Хот руу нүүдэллэж байгаа шилжилт хөдөлгөөнийг барьж буй нэг хүчин зүйл нь малчдад олгодог урамшуулал шүү дээ. Гэтэл олгохоо больчихвол хөдөөд мал маллах хүнгүй болж, хот руу шилжиж ирэх ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэнэ.

Ер нь шинэ Засгийн газрын бас нэг муу тал нь малчдын эсрэг бодлого явуулж эхэлж байна. Энэ Засгийн газар ярьсныхаа эсрэг яваад байна. "Давхар дээл” өмсөхгүй гэчихээд өмссөн, яамдын тоо, дэд сайдыг нэмсэн, өрийн таазыг нэмэгдүүлсэн, одоо малын хөлийн татвар тавьж эхэллээ. Итгэхийн аргагүй болж эхэлж байна. Хасна, танана гэдгийг дэмжихгүй.

М.Өнөржаргал

Эх сурвалж: