sonin.mn

ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов,  “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар нар баяр хүргэж үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ “ Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орсоныг Монгол Улсын төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт дурдсан байдаг.

“ДЦС-4” ТӨХК нь нь 2011 оны сүүлээр 7 зуух, 6 турбинтай ажиллаж, 582 МВт-ын нийлбэр ачаалал авч ажиллаж байсан бол 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлыг давсан түүхэн дээд амижлтыг эвдсэн тохиолдол байлаа.

Хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хаах оновчтой хувилбар бол “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөл байсан юм” гээд “Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө  70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ийнхүү хэрэгжиж дууслаа.

Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн станцын дотоод хэрэглээний цахилгаан эрчим  хүчний хэмжээ 2 гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25,82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ” гэлээ.

Түүнчлэн хамгийн богино хугацаанд буюу 2 жилийн дотор, хамгийн хямд зардлаар /1МВт-570 мянган ам.доллар/ хэрэгжсэн төсөл болсон юм. Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм. 

Төслийн хэрэгжилт 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар графикийн дагуу явагдсан бөгөөд ОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллаж маш богино хугацаанд амжуулжээ. Түүнчлэн ОХУ-аас том оврын 71 автомашин, 55 вагон болон нисэх онгоцоор нийт 350 орчим баглаа боодол бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлсэн ажээ.

Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлсэнээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хааж, цаашид тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжид шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батбаяр,  Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.