sonin.mn

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хоёр хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан. Энэ хууль нь УИХ-ын хянан шалгах чиг үүргийг тодорхой болгох, УИХ-аас томилдог албан тушаалтнуудын ажлын хариуцлагтай холбоотой гомдлыг УИХ-д хэрхэн хэлэлцэх талаар тусгасан байна. Уг хуулийн төсөлд Мөрдөн шалгах сонсголын тухай, иргэн УИХ-д гишүүдийн ажлын хариуцлагтай холбоотойгоор гомдол гаргах эрхтэйгээр хуульчилсан байна.

УИХ хууль тогтоох дээд байгууллага гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг ч бүх эрх мэдлийг УИХ-д олгох нь зөв үү гэдгийг эргэн харах болсон. Энэхүү хуульд УИХ-ын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, хариуцлага тооцох боломжийг оруулсан учраас хуулийн төслийг дэмжих нь зөв гэж үзсэн хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгаас өргөн барьсан Барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Барьцаалан зээлдүүлэх газар буюу иргэдийн нэрлэж заншсанаар лобардууд нь хуулийн зохицуулалтгүй, үнэт эдлэл, эд материалыг хэт хямд үнээр авдаг. Барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн төсөл нь ломбардуудын үйл ажиллагааг цэгцэлсэн анхны хууль учраас дэмжих нь зөв хэмээн Шударга ёс эвслийн бүлэг үзжээ.

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр зохион байгуулах эсэх талаар хэлэлцжээ. Улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахгүй байх нь зөв гэж үзэн, төсвийн ерөнхийлөн захирагч нарт уриалга хүргүүлэх болжээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг