sonin.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2012.12.22/ эмнэлгийн тоог нэмэгдүүлэх асуудлаар  судалгаа хийхээр Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав.

Хүн амын өсөлт нэмэгдэж байгаа, эмнэлгийн үйлчилгээг нийтэд хүрэлцээтэй болгох шаардлагын үүднээс шинээр байгуулах эмнэлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг судлан, дүгнэлт гаргуулахаар НББСШУБХ-оос Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан.

Энэ хүрээнд Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар ЗТЯ-ны байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох хүмүүстэй уулзан санал солилцож байгааг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин “ЗТЯ-ны одоогийн байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргахаар НББСШУБХ-ы Ажлын хэсгийн гишүүд энд ажиллаж байна” гэв. Түүнчлэн Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллах ёстойг сануулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр холбогдох яамдын ажилтнуудад удахгүй Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд энэ үеэр шинээр байгуулах эмнэлгүүдтэй холбоотой зардлыг тусгах тал дээр анхаарч, шуурхай ажиллахгүй бол 2015 онд төсөвгүй гэдэг шалтгаанаар энэ ажил удаашрах магадлалтайг анхааруулав.

Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Харин манай улсын хэмжээнд хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс шинээр 728 ороор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.