sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг эрс шүүмжилж байгаа гишүүдийн нэг. Энэ талаар түүний байр суурийг сонслоо.

-Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг бараг зарлачихлаа.  Үүнтэй та санал нэг байна уу?

-Өмнөх Ерөнхий сайд бид бүхэн аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.  Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдэгдэлд сэтгэл хангалуун бус байгаа.  Хэрвээ Ерөнхий сайд Засгийн газраа толгойлж, эдийн засгаа сэргээж чадахгүй бол дараа нь “би энэ улсыг default болох гэж байгаа гэдгийг хэлсэн шүү дээ” гэж өөрийгөө өмөөрөх зүйлээ эртнээс бэлдэж байгаа нэг арга л гэж харж байна. 

Ерөнхий сайдаас чухал зүйлүүдийг хүлээж байсан.  Хямралын үеийн Ерөнхий сайд гэдэг чинь хэлсэн, ярьсан үгэндээ маш болгоомжтой ханддаг байх ёстой. Түүнчлэн манай бүлгийн хурал болж байна. 

Үүн дээр Тавантолгой, Оюутолгойн гүний уурхайн асуудлаа хурдан шийд гэдгийг хэллээ.  Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай учраас эдгээр асуудлаа хурдан шийдэх ёстой.  Би өмнөх бүлгийн хурал дээр ч хэлж байсан.  Гэтэл бүлгийн хурал дээр ахиц гарах шийдлийн асуудал ерөөсөө яригдахгүй байна.  

-Хямралаас гарах гарцыг хүүхдийг мөнгө зэргээс эхэлж танана гэсэн. Энэ зөв үү.  Мөн хямралаас гарах гарцын талаар та юу гэж бодож байна?

-Өнөөдөр бид эдийн засгийн хямралтай байгаа ч үүнийхээ ялыг ард түмэнд үүрүүлж болохгүй.  Хэрвээ Н.Алтанхуяг сайд байсан бол арга эвийг нь олоод хүмүүсийг ажлаас нь халахгүйгээр шийдэж чадах байсан гэж харж байна. 

Би өмнөх Засгийн газар одоо байгаа засгийг хооронд нь харьцуулж  байгаа.  Тэгэхээр эдийн засгийг инфляцитай уялдуулаад хумих бодлого яриад байна.   Мөн гадуур мөнгө байхгүй байна гэж яриад байгаа хэрнээ мөнгөний нийлүүлэлтээ улам багасгах нь зөв гэж мундаг эдийн засагчид ярьж байна лээ. 

Манай гишүүд ч бас өөрөөр ярьж байна.  Харин ч эдийн засгаа явуулах төслүүдээ ажиллуулаад цаашаа үргэлжлүүлээд явах ёстой л гэдгийг хэлмээр байна.  

-УИХ-ын дарга Ерөнхий сайдыг нөхцөл байдлыг үнэнээр нь мэдээлсэн нь зөв гэж үнэлж байсан шүү дээ?

-Ерөнхий сайдад ярих, ярихгүй зүйл гэж байдаг ш дээ.  Би хувьдаа энэ хүнийг default болох гэж байгааг зарла гэж сонгоогүй.  Шийдвэртэй алхамууд хий гэдгийг л шаардаж байгаа. 

Тэгэхээр default явж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол улс маань дамдуурах гэж байгаа юм байна гэж ойлгож байна.  Грекийг дампуурахад газар шороог нь худалдсан шүү дээ.  Ийм л зүйл болох гээд байгаа юм уу. Энэ бол буруу.  

Д.Анар

Эх сурвалж: UNEN.mn