sonin.mn

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, үр хүүхэд нь тэжээж тэтгэх боломжгүй нь тогтоогдсбн ахмад настан, бүрэн хараагүй, хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэдэд жилд нэг удаа түлээ, нүүрсний зардал болох 140 мянган төгрөгийг олгодог.

Гэтэл энэхүү мөнгө тухайн эзэндээ бараг очдоггүй талаар олон хүн хэлж буй. Уг нь арваннэгдүгээр сард бүрэн олгож дуусгах ёстой ч өнгөрсөн жилийн түлээ, нүүрснийхээ мөнгийг ч аваагүй хүн бий гэх. Харин хороо, дүүргийн халамжийн ажилтнууд “Халамжийн сангаас мөнгө орж ирээгүй” гэсэн хариултыг өгдөг аж.

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ асуудлыг хөндөхөд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Түлээ, нүүрсний хөнгөлөлтийн бүх мөнгийг өгсөн” хэмээн хариулсан. Харин тэр мөнгө яагаад өнөө хүртэл эзэндээ очихгүй байгааг ярьсангүй.

Тэд төсвийг нь гаргасан л бол эзэндээ очсон гэж ойлгож байгаа бололтой. Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас ахмадуудад зориулж 14.2 тэрбум төгрөг зарцуулж, нийт 120 гаруй мянган ахмад настныг хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамруулсан гэсэн тоо бий.

Ахмадуудад орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлтийг олгохоос гадна сэргээн засах, өдрийн эмчилгээ үйлчилгээ, гэрийн асрамжид хамруулах ёстой ч бодит байдалд эдгээр үйлчилгээг авсан хүн цөөн байх. Ер нь түлээ, нүүрсний хөнгөлөлтийн мөнгө яагаад эзэндээ очихгүй, хаана гацаад байна вэ. Өнөөдөр ес эхэлж, цаашид хүйтний эрч улам чангарах төлөвтэй байна.

М.Болд

Эх сурвалж: