sonin.mn

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Энэ тухайгаа тайлбарласан юм.


О.Магнай: “Миний хувьд өнөөдөр ажлаа өгөхөөр боллоо. Энэ нь дараах шалтгаантай.
 Нэгдүгээрт, шинээр байгуулагдсан Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй буюу ардчилалын үнэт зүйлсийн эсрэг үйлдэл хийж байгуулагдлаа. Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөг хүчинтэй, сөрөг хүчин нь Засгаа хянадаг байх ёстой гэж үздэг. Зарим нам дэд сайдын албан тушаал  наймаалж, оруулж ирнэ гэдэг нь хуйвалдаан дээд цэгтээ тулж байгаан илрэл. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил зарчимтэй яавч нийлэхгүй зүйл.
Хоёрдугаарт, манай агентлаг Өрсөлдөөний тухай хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Энэ агентлагийн удирдлагыг зөвхөн Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд оруулж томилж, чөлөөлж болдог. Яахав зарим хэвлэлүүд ШӨХТГ-ын даргыг  шадар сайд мэддэг мэтээр ташаа ойлголт төрүүлэхээр мэдээлэл цацсан байна лээ.

Гэвч тийм биш.  МАН-ын ЕНБДарга асан У.Хүрэлсүх гэдэг хүн шадар сайд болсон. У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтарч ажиллах боломж миний хувьд байхгүй.  Бид нарын ёс суртахуун зарчим, үнэт зүйл таарахгүй. Эдгээр хоёр шалтгааны улмаас өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгч байна. Ер нь манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал, дарангуйллаас аюултай гэж нэг хүн хэлээд явсан. Тэр нь бодит утгаараа боллоо.

Би 2 жил 4 сарын турш  сарын хугацаанд энэ байгууллагад ажилласан байна.  Нийтдээ 6000 мянга гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, ажлын нэг өдөрт 10 өргөдөл гомдол шийдсэн байгаа. Нийт 1100 хяналт шалгалт хийсэн байна. Мөн иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгосон. 2012-2014 онд хийсэн зарим ажлуудаа сануулахад,

-Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгаа бүрэн зогссон

-Сууц өмчлөгчдийн холбооноос татвар авдаг дээд зөвлөлийг татан буулгахыг асуудлыг шүүхэд тавьсан. СӨХ-үүдээс авдаг байсан торгуулиуд зогссон.

-Орон сууцны метр, квадратын зөрүүг арилгаж нэг тэрбум орчим төгрөг буцааж олгуулсан.

-Нефт импорлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан.

-Ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон. Өнөөдөр 4 оператор компанийн алинд ч очсон та өөрийн ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлэх боломжтой болсон.

-Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг шүүхэд өгсөн. Гэвч харамсалтай нь том дарга нарын нөлөөгөөр энэ ажил удаашралтай байгаа. Энэ ажлыг авах хүн дуусгах ёстой.

-Худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газруудын бие засах газруудыг үнэ төлбөргүй болгосон.

-Улсын хэмжээнд ажилладаг бүх лефтүүдийг жилд нэг удаа шалгаж байхаар болсон.

-Лангуу, кассны үнийн зөрүүг багасгасан.

-Томоохон захуудад орох бүрт авдаг байсан төлбөр байхгүй болсон.

-Монголд анх удаа кино театрууд болон номуудыг бест селлирыг заралдаг болсон. Энэ нь эргээд татвар төлөлт, үзэгчдэд сонголт хийх зэрэгт зөв зүйл болсон.

-Арилжааны банкууд хууль бусаар нэг хувийн шимтгэл авдаг байсан асуудлыг хууль бус гэж үзэж шүүхдэлцэж байгаа. Мэдээж ШӨХТГ Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг газар болсон. Одоо иргэд О.Магнайд, ШӨХТГ-т хандая гэдэг болжээ.
” хэмээсэн юм.
Тэрээр цаашид хийх ажлаа төрөө цэвэрлэх гэж тодорхойлов. Өөрөөр хэлбэл улс төрийн тэмцэл явуулах бололтой.


Э.Мягмар