sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ANADOLU/. АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт эргүүлийн машиндаа сууж байсан хоёр цагдааг зэвсэгт этгээд хөнөөжээ. Зэвсэгт этгээд хэргийн газраас зугтаж, амиа хорложээ.

Нью-Йорк хотын цагдаагийн газрын албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш энэ этгээд цагдаагийн радио холбоогоор тоноглосон машинд ойртож очоод, хоёр цагдааг бууджээ. Бууны зарим сум тэдний толгойн тус газар оносон байна.

Сэжигтэн нь 28 настай Ислаамил Бринсли гэгч аж.

Тэрбээр бямба гарагийн өглөө Мэриланд муж улсын Балтимор хотод хуучин найз бүсгүйгээ буудаж, ноцтой гэмтээснийхээ дараа Нью-Йоркт очсон гэнэ.

Бринсли цагдаа нарыг эсэргүүцсэн сэтгэгдэл интернэтэд нэг бус удаа үлдээж байсан гэж цагдаагийн албаны хүмүүс хэллээ. Харин ямар нэг террорист бүлэглэлтэй холбоотой гэх сэжүүр олдоогүй байна.

Цагдаа нар болон хар арьстнууд хоорондын зөрчилдөөн улам бүр нэмэгдэж байгаа энэ үед болсон уг хэргийн талаар АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд их мэдээлж байна.

Миссури болон Нью-Йорк муж улсад зэвсэггүй хар арьстнуудыг хөнөөсөн цагаан арьст цагдаа нарт тангарагтны шүүх ямар ч ял шийтгээгүйгээс хойш тус улс даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан болсоор байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: