sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Ирэх оны цэргийн зардалд 585 тэрбум доллар зарцуулах тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа Уг хуулийн төслийг урьд нь тус улсын Конгресс баталсан юм.

Баасан гарагт нийтлэгдсэн Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, энэ баримт бичиг нь террорист “Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд чухал ач холбогдолтойг Барак Обама тэмдэглэсэн байна. Уг хуульд Пентагоны төсөвт болон цөмийн зэвсгийн аюулгүй байдлыг хариуцдаг АНУ-ын Эрчим хүчний яамны цэргийн хөтөлбөрт 521,3 тэрбум доллар гаргах тухай тусгажээ.

Үлдсэн 63,7 тэрбум долларыг Афганистан, Ирак болон Сирид явуулж буй байлдааны ажиллагаанд, тухайлбал, Иракийн арми болон Сирийн аядуу үзэлт сөрөг хүчнийг бэлтгэхэд зарцуулна. АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу 5 тэрбум долларыг лалын шашинтнуудын эсрэг явуулж буй цэргийн кампанит ажлыг үргэлжлүүлэхэд зориулна.

Үүнээс гадна, энэ хууль нь Америкийн цэрэг, офицер болон тэдний гэр бүлийн хувьд маш чухал болохыг Обама мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ. Тус улсын цэргийн албан хаагчдын цалинг ирэх онд 1 хувиар нэмэгдүүлэхээр хуульд тусгасан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: