sonin.mn

Жил бүр улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийслэлийн эдийн засаг, нийгмийн тухайн оны зорилтыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, жилийн эцэст хэрэгжилтийг тооцдог. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт тайлагнаж дүгнүүллээ.

Өнгөрч буй 2014 он нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд багагүй онцлогтой байсныг Нийслэлийн ЗДТГ-аас онцолж байна. Тухайлбал 2014 оны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа анх удаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” санал асуулга хэлэлцүүлэг зохион байгуулж,  иргэдийн саналыг тусгасан.

Энэ нь хэрэгцээтэй, нэн шаардлагатай ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхэд бодитой санал болжээ. Мөн 2013 оноос шилжин хэрэгжиж байгаа төслүүдийг энд онд дуусгах, шинээр эхлэх барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хангагдсан байх гол шалгуур үзүүлэлт болгосон байна. Зорилтын хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шинэ аргачлалыг нэвтрүүлж,  төлөвлөгдсөн ажлуудыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн 9 гишүүн,  нийслэлийн 66 байгууллага бүрт хариуцуулан, хэрэгжилтийг улирал бүр тооцон ажиллажээ.

Нийслэлийн ИТХ-аар батлагдсан 2013 оны 13/53 дугаар тогтоолоор  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-д 5 бүлэг 24 зорилт, 344 хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал “Аюулгүй амгалан Улаанбаатар” зорилтын хүрээнд 88 ажил буюу нийт ажлын 25 хувийг, “Авлигагүй Улаанбаатар” зорилтын хүрээнд 47 ажил буюу нийт ажлын 14 хувийг хийхээр төлөвлөсөн байсан.

Эдгээр ажлуудыг хэрхэн хэрэгжүүлж, биелүүлсэн талаар нийслэлийн ИТХ-д тайлагнаж, хэлэлцүүлэхэд нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн байна. Тус чуулганы хуралдаанаар нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын төлөвлөгөөг батлуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.