sonin.mn

Дэлхийн их гүрний нийслэл Вашингтон хот Улаанбаатараас хоёр дахин цөөн хүн амтай гэвэл та үнэмших үү? Тиймээ, хотын үндсэн хүн ам 600 гаруйхан мянга. Жилийн аль ч улиралд энэ хотод жуулчдын хөл тасардаггүй бөгөөд өдөр бүр хотын хүн амтай нь тэнцэх тооны гадныхан ирж холхилддог гэнэ лээ. Дэлхийн 190 орны элчин сайдын яамд, дээр нь хэдэн зуун олон улсын байгууллагын ажилтнууд мэдээж Вашингтоны үндсэн оршин суугчид гэж тоологдохгүй. Өөрөөр хэлбэл жинхэнэ оршин суугч нь цөөхөн боловч манай нийслэлийн хэмжээний хүн тэнд байнга амьдарч байнаа гэсэн үг.


Хотын хүн амынх нь судалгааг авч үзвэл ам бүлийн тоо хоёр гэж бүртгүүлсэн үр хүүхэдгүй айлууд нийслэлийн оршин суугчдын дийлэнхийг эзэлж, хаа газар эмс бүсгүйчүүд зонхилдог хорвоогийн жишгээр энэ хотод  100 эмэгтэйчүүдэд 85 гоонь эрчүүд эрс ногддог аж. Шүтдэг шашнаар ангилбал эндхийн дөрвөн хүний гурав нь бүтэн сайн өдөр болгон Христийн сүмд цуглаж, номын дуу сонсож, нүглээ наминчилж, зуун хүнээс дөрөв нь өөрийгөө Далай ламын дагалдагч гэж үздэг гэнэ.
  Нийслэл хотыг найман сая хүн бужигнасан Нью Йорктой  зүйрлэх юм бол хөдөөний бяцхан тосгон л гэсэн үг. Тэнд Нью Иорктой адил тэнгэр баганадсан өндөр барилгууд бүү хэл ерөнхийлөгч Вашингтоны дурсгалд зориулан босгосон 170 метр гантиган хөшөөнөөс өндөр ганц ч байшин байхгүй гээд бодчих.
     Ийшээ гадна дотнын жуулчид сая саяараа хөврөх нь аргагүй юм. Америкдаа хамгийн олон музей дурсгалын газруудтай энэ хот руу зорчих боломж гардаг юм бол та Конгрессын их танхим, үе үеийн ерөнхийлөгчдийн ажиллаж амьдардаг Цагаан ордноор орж үзэх боломжтой ч эхлээд Америкчуудын бахархал болсон ерөнхийлөгч Вашингтон, Жефферсон, Авраам Линкольн, Франклин Рузвельт, ХХ зууны манлай эрдэмтэн Альберт Эйнштейн нарт зориулсан дурсгалын цогцолборуудад заавал очиж хүндэтгэл үзүүлээрэй. Чухам эндээс л энэ орны хүүхэд багачуудад үе үеийн алдартнуудаараа бахархах, эх орноо хайрлах үзэл төлөвшдөг юм шиг ээ.


  Дэлхийд алдартай Смитсоны институтыг бүгдийг нь үзнэ гэвэл нэг хоёр өдөр яагаад ч хүрэлцэхгүй. Агуу энэ том цогцолбор нь түүх дурсгал, урлаг соёл, ан амьтан, өвс ургамал гээд өчнөөн төчнөөн үзмэр агуулсан 20 гаруй том музей, амьтны хүрээлэнгээс бүрддэг. Та энд  хамгийн олон хүний гар дамжин худалдагдаж, авсан эзэн болгондоо гай гамшиг учруулсаар хамгийн сүүлд музейн мөнхийн үзмэр болон тавигдсан, дэлхийд одоогоор хамгийн үнэтэй эдлэлд тооцогддог “Итгэл” гэгч ганган нэртэй цэнхэр алмаазан зүүлтийг үзэж болно. Энэ том цогцолборт эрдэм шинжилгээ, судалгааны 12 том төв үйл ажиллагаагаа явуулж байна. Цаанаасаа тогтоогоод өгчихсөн цаганд нь хавчигдаж, халтуурдаж үзсэн хорвоод хосгүй нэгэн газар бол “Байгалийн түүхийн музей” байлаа. Аварга том үлэг гүрвэлээс авахуулаад энд цуглуулсан элдэв төрлийн хорхой шавьж, ургамал амьтны 125 сая үзмэрийг Монгол маягаараа нэг бүрчлэн тэмтэрч үзнэ гэвэл миний нас лав хүрэхгүй юм билээ.
Түүхийн музейн хоёр давхарт гарвал та Марта Вашингтоноос авахуулаад Лаура Буш хүртэл бүх тэргүүн хатагтай нарын гоёлын даашинзтай баримлуудтай мэндэлж, дээд давхараад нь өгсвөл мэдээж хатагтай нараа алдаршуулсан эр нөхрүүдийнх нь баримлыг суурилуулсан байх жишээтэй.


   Номыг дээдэлдэг хүмүүсийн хувьд таван зуугаад хэл дээр бичигдсэн 58 сая эх гар бичмэл, 30 сая номтойгоороо дэлхийн хамгийн томд тооцогдох Америкчуудын бахархал болсон Конгрессын номын санд нь ядаж хагас өдрийг өнгөрөөхөөр төлөвлөхөд алзахгүй. Юун Лениний номын сан энэ мангасын хажууд ёстой юу ч биш юм шиг санагдсан шүү.


Орой үдэш нь хэрэв зав гараад мөнгөтэй бол Авраам Линкольний буудуулдаг алдарт Фордын театрт жүжиг үзэх ч юм уу, эсвэл Кеннедийн төвд очиж симфони хөгжим сонсож алжаалаа тайлахад гэмгүй болов уу.

                  Ш.Пүрэвсүрэн        

“Хорвоогоор аялахуй” номноос