sonin.mn

БРЮССЕЛЬ. /ITAR-TASS/. Украин улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалж үлдвэл ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ ЕХ цуцлах асуудлыг хэлэлцэж магадгүй гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ.

Украин хямралд ямар нэг дэвшил гарах эсэхийг бид харна. Үүний дараа хориг арга хэмжээг цуцлах асуудлыг авч үзнэ гэж Меркель Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ.

“Украины байдлыг сайжруулахад ОХУ-аас хариу үйлдэл үзүүлэхийн тулд ЕХ Орост хориг арга хэмжээ авсан. Хэрвээ хориг арга хэмжээ авахад нөлөөлсөн шалтгаанууд үгүй болсон тохиолдолд тэдгээрийг цуцалж болно” гэж тэрбээр мэдэгдэв.

Орост авсан хориг арга хэмжээг ирэх гуравдугаар сард цуцалж магадгүй.

Брюссель дэх дипломат эх сурвалжийн мэдээлснээр, Минскийн энхийн гэрээний биелэлт болон ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ цуцлах талаар ЕХ 2015 оны гуравдугаар сард болох дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хэлэлцэнэ.

“Орост авсан зарим хоригийг гуравдугаар сард Брюссельд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар цуцалж магадгүй” гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: