sonin.mn

АНКАРА. /ANADOLU/. Нефтийн үнэ буурч, экпортлох нефтийн хэмжээ нь буурснаар Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн нефть экспортын цэвэр орлого 2015 онд буурна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар мэдэгдлээ.

АНУ-ын тус агентлагийн таамаглаж буйгаар, ОПЕК-ийн нефть экспортын орлого ирэх онд  2013 оныхоос 46 хувиар буурч, 446 тэрбум доллар болох ажээ.

Харин энэ онд ОПЕК-ийн гишүүд нефть экспортоос 700  тэрбум долларын орлого олох төлөвтэй байна. Энэ нь 2013 оныхоос 14 хувиар, 2010 оноос хойш орлогын хэмжээ нь хамгийн ихээр буурсан үзүүлэлт юм.

Нефтийн үнэ ирэх онд бууран нэг торх нь дунджаар 68 доллар байх төлөвтэй байна. 2014 онд нефтийн нэг торх нь дунджаар 100 доллар, 2013 онд 109 доллар байсан билээ.

2013 онд ОПЕК-ийн нефть экспортын орлого 821 тэрбум доллароор хэмжигджээ. Саудийн Арави 274 тэрбум долларын орлоготойгоор ОПЕК-ийн гишүүн улсуудыг тэргүүлсэн бол, Кувейт 92, Ирак 86, Нигери 84, Венесуэл 62 тэрбум долларын орлоготойгоор удаалж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: