sonin.mn

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.12.19.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гишүүд төслийн талаар асуулт асууж тодруулан зарим гишүүн саналаа хэлсэн юм.

Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталж, улмаар 2012 онд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах үйл ажиллагааг тус тус хориглосон нэмэлт оруулсан. Гэвч хуулийн дээрх зарим зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлтэй тулгарч байна. Тухайлбал, манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн буюу сумын онцлог, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны байршил зэргээс шалтгаалан “500 метрийн дотор” гэсэн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Түүнчлэн, тамхи худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль зөрчих нөхцөл буй болгож байна. Иймээс амьдралд тулгарч буй энэхүү хүндрэлийг арилгах зорилгоор улс орны бодит нөхцөлд байдалд нийцүүлэн “байрнаас 500 метрийн дотор” гэснийг “байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж практикт хэрэгжих бололцоотойгоор өөрчлөх нь зүйтэй байна. Түүнчлэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн байгууллага, үүний дотор эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагаас тамхи хэрэглэгчдийг тамхинаас гаргах, тамхины даслыг нь эмчлэх эмчилгээг хүртээмжтэй, олдоцтой болгох үүргийг хуульчлан зохицуулаагүй байна гэж үзсэний үндсэн дээр гишүүн О.Баасанхүү уг хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хуульд шинээр оруулсан энэ заалт нь хүүхэд багачууд, өсвөр насныхнаа тамхинаас хамгаалах, энэ хорт зуршилд автах, шохоорхох, биенээ уруу татахаас сэргийлэхэд чиглэсэн чухал заалт учраас үүнийг өөрчлөхгүй байхыг гишүүдэд хандаж уриалсан бол гишүүн Г.Баярсайхан нэгэнт Эрүүл мэндийн яам энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн учраас үүнийг дагах нь зөв гэж үзэж байна. Ер нь ийм аар саар зүйлийг дахин дахин ярьж цаг баралгүй, асуудалд эрүүл ухаанаар хандмаар байна гэлээ. Харин төсөл санаачлагч гишүүн О.Баасанхүү тамхи татах, тамхи зарах тухай асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Хуульд заасан 21 нас хүрээгүй иргэнд тамхи зарахыг хориглосон заалтыг хөндсөн зүйл огт байхгүй. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулснаар тамхины борлуулалт нэмэгдсэн ч татвар төлөлт нь багассан, тамхины хууль бус худалдаа, далд наймаа ихэссэн гэсэн судалгаа гарсан байна. Орон нутгаар явж байхад хүүхдэд тамхи зарах явдал байсаар байна, иргэд ч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй, амьдралд нийцэхгүй байгааг хэлж байна гэлээ.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хуралдаан даргалагч уг төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа.

Дараа нь Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ асуудлын талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 10-ны өдөр мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарыг оролцуулан хийж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн гэж үзэж, дүгнэлт гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн 2014 оны 07 тооот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн үндэслэлийн нэгээс бусдыг нь хүлээж авах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Ё.Отгонбаяр нарын асуултад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулт өгсөн юм. Тэрээр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг "ерөнхий шүүх”, “тусгай шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишиг байдаг. Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, “дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх” бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа.

Гэтэл нь Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлт нь засаг захиргааны нэгжээр шүүхийн тогтолцоотой байх, харин үйл ажиллагаа нь жигдрээд байгаа дагнасан шүүхийн тогтолцоог хаагдахад хүргэж байгаа юм. Үүнээс болоод асар их зардал хөрөнгө, хүн хүч шаардсан шүүхийн тогтолцоо үүсэх, наад зах нь шүүгчдийн томилгоог одоогийнхоос гуравны хоёроор нэмэгдүүлэхэд хүрнэ. Иймээс энэ асуудлыг судалж тооцох, гарцыг олох үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон гэдгийг хэлсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн 5 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй, харин 1 санал нь дэмжигдлээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувийн саналаар дэмжиж баталлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.