sonin.mn

Монголчууд бид жил бүрийн арванхоёрдугаар сарыг ёолкдсоор байгаад дуусгадаг. Учир нь албан байгууллага болгон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж шинэ жилийн баяраа хийдэг уламжлалтай билээ. Хамгийн гол нь иргэд баяраа тэмдэглэж яваад энд, тэнд хөлдөх гэнэтийн осолд орох гээд маш олон золгүй явдал гардаг билээ.

Тиймээс гарч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн цагдаагийн байгууллага энэ сарыг "Аюул дагуулсан арванхоёрдугаар сар" гэж нэрлэх болсон билээ. Ингэж нэрлэх болсны учир нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн зам тээврийн осол, гадаа осгох, танхай зэрэг гэмт хэрэг энэ сард өмнөх саруудаас өндөр хувьтай гардаг харамсалтай мэдээ бий.

Тухайлбал, өнгөрсөн жил байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй алтан амиараа баярласан харамсалтай хэрэг гарч байсныг хүн бүхэн мэднэ.

Тиймээс л цагдаагийн байгууллага энэ жил дээрхи гашуун түүхийг давтахгүйн тулд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг дуудан хүлээлгэж өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг албан байгууллагуудад зөвлөж байна.

Харамсалтай нь энэ мэт баярын өдрүүдийн хар мэдээллүүд жилийн жилд буурах биш бүр өссөөр байгаа. Ингээд Нийслэлийн Замын цагдаагийн газрын ахлах    мэргэжилтэн Ж.Энхбат "Арванхоёрдугаар сард. улс даяараа шинэ жилийн баяр тэмдэглэдэгтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчилийн тоо их нэмэгддэг. Сайхан арга хэмжээ зохион байгуулж бие биенээ урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахгүй бол гэмт хэргийн золиос болж, халдлагад өртөх тохиолдол байна. Баяр ёслолыг заавал ширээний ард сууж архи дарс хэрэглэх биш спортын арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэж болно. Цөөхөн ч гэсэн ингэж тэмдэглэдэг байгууллагууд байдаг» гэдгийг онцлов.

Уг нь замын цагдаагийн газраас энэ сарын 3-ны өдөр олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс архитай холбоотой мэдээллийг хангалттай тараасан хэдий ч золгүй байдлаар амь насаа алдах, тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэтийн хэргүүд огт буурахгүц байгаа учраас тэд дахин, дахин иргэддээ ийнхүү сануулсаар байна гэдгийг хүн бүхэн ойлгох хэрэгтэй.

Хэрвээ үнэхээр өөртөө болон гэр бүлийнхэндээ хайртай л бол золгүй байдлаар амь насаа алдах хэрэггүй гэдгийг сануулж буй хэрэг юм. Энэ мэт сэрэмжлүүлгийг анхааруулаад байхад энэ сард мөн л согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ жолоо барьж бусдын амь насыг бүрэлгэсэн хэрэг ихээр гарсан байна.

Гэхдээ үүнд дан ганц иргэд биш худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд ч хууль дүрмээ барьж үйлчлэхийг анхаарах ёстой байгаа юм. Учир нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүд албан байгууллагуудаас шинэ жилийн захиалгыг олноор нь авч тэдгээр хүмүүст согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг ноцтой хэрэг ч гарсан байна.

Тодруулбал, манай улсын хамгийн том спорт цогцолбор болох "Буянт-Ухаа" архи согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй газрын нэг. Учир нь эл газар төрийн өмчид хамаарагддаг учраас тэдэнд согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрөл байхгүй гэсэн үг. Гэтэл тус цогцолборын удирдлагууд энэхүү хууль дүрмээ зөрчиж "АПУ" ХХК-ийн шинэ жилийг тэмдэглүүлэх захиалга аваад тэдэнд архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж зөрчлөө арилга гэсэн мэдэгдэх хуудас аваад байгаа юм.

Хууль дүрэм зөрчиж байгаагаа мэдсэн хэрнээ тус цогцолборын удирдлагууд бүр цаашлаад Оюутолгой, 3,4 дүгээр цахилгаан станцуудаас шинэ жил тэмдэглэх захиалгыг нь хүртэл авсан байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үил ажиллагаа явуулдаг "Холливуд" баар ч үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө сэргээгээгүй хэрнээ бас л албан байгууллагуудаас шинэ жилийн захиалга авсан байна.

Ямартай ч архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэрнээ үйл ажиллагаа явуулбал тухайн газрын эзнийг баривчлах хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг баарны эзэд мэдвэл зохилтой.

Уг нь цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авдаг ч зальжин баарны эзэд Нийслэлийн захирагчийн албанаас дорхноо тусгай зөвшөөрлөө сэргээгээд авдаг нь нууц биш.

Тиймээс тусгай зөвшөөрлийг цуцласан байхад ямар шалгуураар эргэж сэргээдэг юм бэ гэдгийг Нийслэлийн захирагчийн албаны холбогдох хүмүүсээс асуувал зохилтой. Бодит амьрал дээр жирийн нэг иргэн Дорж, Дулмаа нар очоод тэр дор нь сэргээлгээд авчихдаг зүйл биш гэдгийг зарим нэг хүн ч хэлж байсныг онцлох хэрэгтэй байх.

Тиймээс Захирагчийн ажлын албаныхан цагдаа нарын хийж байгаа энэхүү ажлыг дэмжиж хэсэгхэн хугацаанд ч болов энэхүү архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг олгохгүй байж яагаад болохгүй гэж тэдний олгосон зөвшөөрлөөр өнөөдөр хэчнээн хүн хадан гэртээ очиж хэдэн хүн гэмт хэргийн хохирогч болж байгааг мэддэг л баймаар юм даа. Ямартай ч олон нийт "Аюул дагуулсан арванхоёрдугаар сар"-аас болгоомжлох хэрэгтэй гэдгийг хэлэх байна.

Р.Саруул

Эх сурвалж: