sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын сансрын байгууллага сансрын нисгэгчдээ солир дээр буулгахаар бэлтгэж байгаа боловч энэ хүнд, эрсдэлтэй ажиллагааг ямар аргаар явуулахаа одоогоор шийдээгүй байна. Тус улсын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ захирлын туслах Роберт Лайтфутын мэдээлснээр, энэ ажиллагааг явуулах шийдвэрийг “2015 оны эхээр” гаргах ажээ.

Түүний хэлснээр, одоогийн байдлаар солирыг “ангуучлах” хоёр хувилбар байгаа аж. Нэг дэх хувилбараар10 метр хүртэл голчтой сансрын жижиг биет рүү автомат аппарат илгээх аж. Энэ аппарат нь солирыг төмөр тороор бүрхэж, /инженерүүдийн ярьдгаар түүнийг шуудайлна/ сарны тогтвортой тойрог зам руу чирж оруулна. Хоёр дахь хувилбарт, солирыг бүтнээр нь бус зөвхөн солирын бул чулууны хэмжээтэй хэсгийг сар орчмын тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа аж.

Ямар ч тохиолдолд ийм төслийг хамгийн оройтохдоо, таван жилийн дараа хэрэгжүүлэх төлөвтэй байна. Үүний дараа  сарыг тойрон эргэлдэж байгаа солир руу эсвэл солирын хэсэг рүү сансрын нисгэгчдийн баг бүхий жолоодлогот хөлгөө НАСА ойролцоогоор 2025 онд илгээхээр тооцоолж байгаа аж. Энэ ажиллагаанд туршилтын анхны нислэгээ энэ сарын 5-нд үйлдсэн шинэ хөлөг болох “Орион”-ыг ашиглаж магадгүй байна. 2030-аад онд хүмүүс уг хөлгөөр Ангараг гараг руу анхны аяллаа хийнэ гэдэгт АНУ-ын сансрын байгууллага найдаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: