sonin.mn

ЖЕНЕВ. /KAZINFORM/.  Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалт хүнсний үйлдвэрлэлд саад болсоор байвал ирэх оны гуравдугаар сар гэхэд Баруун Африкийн гурван улсад хүнсний хомсдолд орогсдын тоо нэг сая давж болзошгүй гэж НҮБ-ын шинжээчид анхаарууллаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын албаны хүмүүс Гвиней, Либери болон Сьерра-Леоны байдлын талаар лхагва гарагт мэдэгдэл хийжээ.

Тэдний хэлснээр, хөл хориониы улмаас фермүүдэд ажиллах хүчин дутагдалтай байгаа аж. Мөн хөл хөдөлгөөнийг хязгаарласан нь “Эбола” тархсан бүсүүдэд хүнсний бүтээгдэхүүн хүргэхэд саад болж, зах зээлд чирэгдэл учруулж байна.

Фермерүүдийг дэмжихийн тулд илүү тусламж үзүүлэхийг агентлагууд уриалж байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, “Эбола”-гаар нас барагсдын тоо 6900 гаруй болжээ. Хамгийн их нэрвэгдсэн дээрх гурван улсад “Эбола”-гийн халдвар авагсдын тоо нэмэгдсээр байгаа ч зарим бүсэд тархалт намжиж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Гвиней, Либери, Сьерра-Леон болон Малид айлчилна гэдгээ мэдэгдсэн юм.

“Эбола” тархсанаас хойш тэрбээр тус бүс нутагт анх удаа  айлчлах гэж байгаа нь энэ билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: