sonin.mn

НҮБ. /France-Presse/. Палестины нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүдийг гаргах хугацааг товлосон тогтоолын төслийг Иордан улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ өргөн барьжээ. Баримт бичигт дахин хэлэлцэх шаардлагатай заалтууд бий гэж НҮБ-д суугаа Палестины байнгын ажиглагч Рияд Мансур цохон тэмдэглэсэн байна.

“Хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд энх тайвны үүд хаалгыг нээхэд туслах баримт бичгийг НҮБ-ын АЗ-өөр амжилттай батлуулахыг хүсч буй талуудтай тухайлбал, АНУ-тай хэлэлцээ хийхийг бид санал болгож байна” гэж тэрбээр хэлжээ.

Палестинчууд урьд нь тогтоолын төслийг аль болох түргэн батлуулах хүсэлтэй байсан боловч баримт бичгийг АНУ-тай зөвшилцөнө гэж найдаж буй Иорданы эрх баригчдын шахалтаар татгалзсан байна. Холбоотон болох Израиль улсын эсрэг чиглэсэн учраас Вашингтоны эрх баригчид НҮБ-ын АЗ-ийн тогтоолд удаа дараа хориг тавьжээ.

Тогтоолын одоогийн хувилбарт Израиль, Палестин улс гэсэн  бие даасан, ардчилсан хоёр улс байгуулах тухай тусгасан аж. Хоёр улсын хилийг 1967 оны зургадугаар сарын 4-нд тогтоосон шугамаар тогтооно. Талууд хамгийн оройтохдоо, жилийн дараа зөвшилцөлд хүрэх ёстой юм. Израиль Палестины нутаг дэвсгэрээс 2017 оны эцэс гэхэд цэргээ гаргах ёстой байна.

Тогтоолын төслөөр хэдийд санал хураах нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: