sonin.mn

ДАМАСК. /AP/. Сирийн зүүн нутгийн оршин суугчид 230 гаруй хүний цогцос олжээ. Тэднийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байна.

Хэт давруу үзэлтнүүдийн тус бүлэглэлтэй тэмцэж буй засгийн газраа эсэргүүцэгч босогчдын мэдэгдсэнээр, энэ цогцсууд Дейр аль-Зор мужийн нийтийн булшны газарт байжээ.

Саяхныг хүртэл тус бүс нь “Лалын улс”-ын хяналтад байсан юм. Орон гэртээ буцаж очсон оршин суугчдын хэлснээр, амь үрэгдсэн энэ хүмүүс нь тус бүлэглэлийн босогчдыг эсэргүүцдэг байсан омгийнхон аж.

Сири болон Иракт өргөн уудам газар нутгийг хяналтдаа авсан “Лалын улс”-ыг дарахаар АНУ тэргүүтэй эвсэл агаараас цохилт өгсөөр байна.

Босогчдын хүч аажмаар сулрах хандлагатай байна. Гэхдээ тэд барьцаалсан гадаадын иргэдийг хөнөөж, нутгийн оршин суугчдыг айлган сүрдүүлж, амь насанд нь халдсаар байна.

Г.Доржханд

Эх сурвалж: