sonin.mn
Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажил үргэлжилж байна. Өчигдөр болж өнгөрсөн Ажлын хэсгийн хурлаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгчээ. Уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий 6 компанид саналаа ирүүлэх урилга илгээснээс 5 компани 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр саналаа ирүүлсэн байна. 
 
 
 
Санал өгөх эрх бүхий  оролцогч компаниудын техникийн саналыг үнэлэхэд Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэл, Пибоди Энержи корпораци техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан байна. 
 
Ажлын хэсэг оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Таван толгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлэх юм.  Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан дээрх Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар ажиллаж байна. Түүнчлэн дээрх захирамжаар Дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл багтан ажиллаж байна. 
 
М.Гал