sonin.mn

Намууд дэд сайд нараа тодруулсантай холбогдуулан хамгийн олон яаманд дэд сайд суулгахаар болоод байгаа МАН-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.

-МАН-ын Удирдах зөвлөлөөс дэд сайд нараа тодрууллаа. Долоон дэд сайдыг ямар шалгуураар гаргаж ирсэн талаар мэдээлэл өгнө үү?

-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шийдлийн Засгийн газарт ажиллах долоон дэд сайдынхаа квотод нэр дэвшигчдээ тодрууллаа. Тодруулбал, Гадаад хэргийн яамны дэд сайдад Н.Оюундарь / БОЯ-нд газрын даргаар ажиллаж байсан/, Аж үйлдвэрийн яамны дэд сайдад Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдад “Стратеги” академийн захирал Я.Төмөрбаатар, Уул уурхайн яамны дэд сайдад Г.Тэмүүлэн / Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн/, Эрүүл мэнд, спортын дэд сайдад Д.Атармаа /Нийслэлийн эрүүл мэндийн газдрын орлогч даргаар ажиллаж байсан/, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Б.Мөнхбаатар / Нийслэлийн засаг даргын орлогч асан/, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдад Б.Батзориг / Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан/ нарыг нэр дэвшүүлэн батлууллаа. МАН бол дотоод арчилалтай нам.

Энэ ч утгаараа дэд сайдад нэр дэвших хүсэлтэй бүх хүний анкетыг бүртгэж авсан. Долоон дэд сайдын квотод 39 хүн эхний ээлжинд саналаа ирүүлсэн. Ингээд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн дарга нар олон нийтэд мэдээлэл хийж, дэд сайдад нэр дэвшсэн хүмүүст ямар шалгуур тавихаа зарласан байгаа.

-Тухайлбал, ямар шалгуурыг давсан хүн дэд сайдын албан тушаалд очиж байгааг тайлбарлана уу?

-Нийт 13 шалгуур үзүүлэлтийг дэд сайдад нэр дэвших хүмүүст тавина гэдгээ хэлсэн. Үүнд эхний ээлжинд тухайн хүний мэргэжил боловсролыг харсан. Үүний дараагаар ёс зүй, намд ажилласан байдал болон нэр цэвэр эсэх гэх мэт нэлээд дэлгэрэнгүй шалгуур үзүүлэлт тавьсан.

Аливаа хэрэг түвэгт орооцолдсон эсэхээс гадна намаас зохион байгуулж байгаа ажилд хэр идэвх зүтгэлтэй оролцсон, намын төлөө чухам ямар ажлуудыг хийж байсан бэ гэдгийг ч харгалзсаны дүнд шийдвэрээ гаргасан гэж ойлгож болно.

-39 хүний дунд сонгон шалгаруулалт өрнөсөн гэж ойлгож болох уу?

-Анх энэ тооны хүн саналаа өгсөн ч зарим нь өөрийн саналаар нэрээ татсан. Учир нь тухайн хүний нэр дэвшсэн салбар манай намд харьяалагдаагүй гэх мэт шалтгаан байсан.

Нөгөө талаар намын зүгээс дэд сайдад нэр дэвшсэн хүнийг дараа нь Төрийн нарийн бичгийн дарга болон газар, хэлтийн даргад өрсөлдөхгүй байх ёстой гэдэг шаардлага тавьсан.

Үүний дагуу 11 хүн нэрээ татаж, 28 хүн дэд сайдын суудалд тунаж үлдсэн гэсэн үг. Үүн дээр манай Стратеги, бодлого төлөвлөлтийн газар, Хүний нөөцийн хэлтсээс нэлээд ул суурьтай хандаж байж нарийн шалгуур үзүүлэлтээр байр эзлүүлсэн. Ингээд яг нэр дэвших бүрэн боломжтой гэсэн 16 хүний нэрийг Удирдах зөвлөлд танилцуулсан.

-Санал хураалтыг ямар байдлаар явуулсан бэ?

-Санал оруулсан 16 хүнд Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд нууцаар санал хураалт явуулаад олонхийн санал авсан нь гарч ирсэн гэсэн үг.

-Гурван хүн дээр санал тэнцсэн байсан. Эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөлөөс дахин санал хурааж гаргав уу, эсвэл намын дарга шийдэв үү?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдад нэр дэвшсэн гурван хүн дээр санал тэнцсэн. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлийн хуралд оролцсон 18 гишүүний санал тэнцсэн гэсэн үг л дээ. Бүгд адилхан зургаан оноо өгсөн байсан. Тиймээс намын дарга саналаа оруулж шийдсэн гэж ойлгож болно.

-Хүссэн хүн бүр дэд сайдад нэрээ дэвшүүлсэн гэж ойлгож болох уу?

- Яг ажил мэргэжлийнхээ дагуу ажиллах бололцоотой хүмүүст дэд сайдын орон тоог бид нээлттэй зарласан. Үүний дагуу манай намын харьяалалтай, яг өөрийн салбарт ажиллаж чадна гэсэн шалгуур үзүүлэлтийг давж гарах боломжтой гэж өөрийгөө дүгнэсэн хүмүүс нэрээ дэвшүүлсэн.

-Долоон хүний орон тоон дээр 39 хүн саналаа ирүүлсэн гэж байна. Үүнийг “Сайдын суудал горилогсод олон байна” гэж харах уу, эсвэл танай намд дэд сайдын албан тушаалыг аваад явчих хэмжээний боловсон хүчний нөөц боломжийн байгаагийнх уу?

-Боловсон хүчний нөөц бололцоо их байна гэж ойлговол зүйд нийцнэ. Дээр хэлсэнчлэн бид тодорхой шаардлага, шалгуур тавьсан. Үүнийг даваад гараад ирсэн хүн ийм олон байна гэхээр МАН-д хүний нөөц хангалттай байгаагийн л нэг илрэл. Мөн энэ удаад эмэгтэй, эрэгтэй гэлтгүй тэгш өрсөлдсөн. Тухайлбал, долоон дэд сайдын суудалд хоёр нь эмэгтэй хүн гарч ирэх жишээтэй.

-Олон нийт төдийлөн мэдэхгүй байх шиг байна. “Шинэ хүн” гэж тодорхойлоод байгаа хоёр бүсгүйн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Хоёулаа намд олон жил ажилласан. Тухайлбал, Д.Атармаагийн хувьд мэргэжлийн эмч хүн. Энэ чиглэлээрээ олон жил ажиллахаас гадна хамгийн сүүлд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай, салбараа мэднэ.

Харин Н.Оюундарийн хувьд Бага хурлын гишүүн бөгөөд манай намд олон жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин. Байгаль орчны яаманд Газрын даргаар ажиллаж байсан. НҮБ-ын төсөл хөтөлбөрүүд дээр ч мөн нэлээд ажилласан. Өөрөөр хэлбэл, гадааадын байгууллагуудтай хамтын ажиллагаа сайтай хүн.

-МАН долоон дэд сайдаа тодруулах гэж багагүй маргасан гэх мэдээлэл гараад байсан. Тухайлбал, дарга нарын хүүхдүүд дэд сайдын суудалд суух нь гэх мэдээлэл түлхүү явсан л даа. Гэхдээ сүүлийн мөчид тийм зүйл гараагүй байх шиг байна?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Анхнаасаа бүх зүйл нээлттэй, шударга зарчмаар явсан. Шалгуур үзүүлэлтээрээ шалгаад санал хураалтаа нууцаар явуулаад л шийдсэн хэрэг шүү дээ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: