sonin.mn

Шийдлийн Засгийн Газар байгуулав. Ингээд хамгийн сайн шийдэл гэж ойлгуулах гэж байна. Яахаараа улс орныг хямралд оруулж мөнгөгүй болгосон хүмүүс сайн шийдэл гаргадаг байна. Энэ бол үнэн утгагүй. Энэ бол С.Баяр. Ц. Элбэгдорж хоёрын түүхий хоол юм. Гэхдээ аль эрт хийсэн хоол юм. Энэ тухай өгүүүлэх гэсэн юм.

Н.Энхбаярын эрин үеийн төгсгөлд

Н.Энхбаярын эрин үе их удсан мэт хүмүүст санагддаг боловч яг үнэндээ бол түүний оргил үе 2000-2004 оны хооронд яг 4 жил л болсон юм. Энэ 4 жилд тэр хүний санаанд багтамгүй дарангуй дэглэм тогтоосон ба тэр нь жам ёсоороо нурсан юм. Тодруулж хэлбэл 2004 оны УИХ-ын сонгуулиар МАН ялагдал хүлээх нь тэр. Үүнээс хойшхи үеийг амиа аврах буюу дэглэмийг тогтоон барих зовлонт үе эзлэнэ. “Манай нам ялж ч үзсэн, ялагдаж ч үзсэн нам” гэж дүгнэж байсан Н.Энхбаяр хэдхэн хоногийн дараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бараг иргэний дайн гаргах шахав. Дотоодын цэргийн сонсогчдод энгийн хувцас өмсгөөд жагсаад цуглаан хийлгэдэг байсан юм.

Ялалт байгуулсан “Эх орон-Ардчилал” эвслийг задлан бутаргах бодит шаардлага үүссэн бөгөөд энэ үүргийг “Эх орон ардчилал” эвслийг задалсан С.Оюун ажлын хэсэг байгуулснаар гүйцэлдүүлсэн юм. Ялагдал хүлээж орох байхгүй газраа олж ядсан МАН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгож, үүний хариуд АНУ-аас ирээд байсан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгох энэ бохир хуйвалдааныг энэ ажлын хэсгийн дарга С.Баярцогт тун амжилттай гүйцэтгэсэн юм. Үүнийг МАН талаас Ц.Нямдорж өөрийн биеэр зохион байгуулсан билээ. Бүр тодруулбал Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгох, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгох асуудлыг АН-ын талаас С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар голлон хариуцаж, хуульч зүйн зөвлөгөөг АН-ын Х.Тэмүүжин, МАН-ын Ц.Мөнх-Оргил нар хийж гүйцэтгэн, Н.Энхбаярын дэргэд эрх зүйн хувьд баталгаажуулсан юм. Энэ бол “Алтангадас”-ын хууль зөрчсөн бусармаг үйлдлийн томоохон амжилт, бас АН-ын эмгэнэл байсан юм. Ингээд УИХ дахь 62-ын бүдүүн хэмээгдэх бүлэг байгуулагдсан ба УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Р.Гончигдорж болж нүүрээ ширлэж байсныг олон хүн мартаагүй байх. Ер нь Р.Гончигдорж нүүрээ ширлүүлсэн чигээрээ энэ насыг дуусгах биз…

Н.Энхбаяр Орост элчин сайд байсан С.Баярыг дуудан ирүүлж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгов. Нам доторх асуудлыг цэгцлүүлэх гэж. Гэтэл С.Баярын мөрөөдөл биелсэнгүй. Намаа цэгцлүүлсний дараа түүнийг намын дарга болгосонгүй, харин М.Энхболдыг намын дарга, Ерөнхий сайд болгов. Гэвч С.Баяр тэвчээртэй байсан юм. Олон түмний хүлээлт түүний талд байгаа гэдгийг тэр сайн мэдэрч байв.

2005 оны 8 дугаар сард нэгэн хөгийн явдал болов. Энэ үед УИХ-ын 65 дугаар тойрог дээр нөхөн сонгууль болсон юм. Ерөнхийлөгч болсон Н.Энхбаярын орны хүнийг сонгох сонгууль л даа. Энэ сонгуульд МАН-аас МАН-ын дарга М.Энхболд, АН-аас Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нарын нэр дэвшсэн байлаа. Гэтэл 2005 оны 8 дугаар сарын 2 буюу сонгуулиас нэр татаж болох сүүлийн өдөр Онцгой байдлын асуудал хариуцсан сайд У.Хүрэлсүх, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт нар хөтөлцөн орж ирэв. Ажлын цаг дуусан байсан хэдий ч С.Баярцогт Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нөхөн сонгуулиас нэрээ татаж байгааг тойргийн хороонд мэдэгдэж, У.Хүрэлсүх түүнийг нь баталгаажуулан харж байсан юм. Яг арван жилийн дараа энэ хоёр хөтөлцсөн хэвээрээ Засгийн Газарт ахиад ороод ирнэ гэж хэн бодох билээ ?! Дашрамд дурдахад энэ нөхөрлөл МАН-ын байшинг шатаах хэд хэдэн оролдлогын үед ч тасалдаагүй эдүгээ хүрч байгаа юм.

Хэрэв хэн нэгэн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг юу ч мэдэхгүй залуу хүн гэж бодож байвал тун их эндүүрэл болно, эд нар бол монголын сонгодог хорчингууд өөрийн гараар бэлтгэсэн жинхэнэ мэргэжлийн хорчингууд мөн. Эдүгээ тэд багш нараасаа илүү гарч, жинхэнэ бие даан ажиллах түвшинд нэгэнт хүрчээ.

Дурдсан буй үед иргэний хөдөлгөөний тэмцэл ширүүсч, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд гурвын гурвалсан тэмцэл хурцдав. МАН Ц.Элбэгдоржийн Засгийн Газрыг огцруулснаар нөхцөл байдал нэн хурц хэлбэрт оров. Энэ үед улс орон ужиг хямралд орж баларч гүйцэж байв. Гаалийн Баатарын хэрэг илэрч, Улаанбаатар хот удирдлагуудад санхүүгийн шалгалт хийж эхэлжээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Наранцацралт автомашины ослоор, АТГ-ын дарга Б.Дангаасүрэн учир битүүлгээр амиа алдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Г.Түмэнгэрэл цаазаар авахуулав. Ми-8-ын осол болж, Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг мандав. Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл ид хүчээ авч, МАН дахь элдэв фракц хөдөлгөөнүүд тоогоо алдав. Энэ нь эрх баригч бүлэглэлийн өрсөлдөөн ширүүсч, юу ч үйл хайхрах, юуг ч үл хайрлах тийм зааг үед тулж ирснийг баттай харуулдаг юм.

Энэ үед МАН-ын Их Хурал болсон бөгөөд С.Баяр түүхэн эгзэгтэй боломжийг тун соргог мэдэрч чадсан юм. Тэр М.Энхболдын сул талыг тун зөв үед мэдэрч чадсан юм. Энэ нь Намын Их Хурлаар болсон намын даргын сонгууль болсон билээ. Хан-Уулын Д.Загджав мэтийн хэдэн нөхдүүдээр сонгуулийн санал тоолох жижиг сажиг ажил хийлгэсэн нь С.Баярт түүхэн том амжилт авчирсан юм. Огт санаандгүй байсан М.Энхболд намын дарга, Ерөнхий сайд хоёроо зэрэг өгсөн юм. Энэ бол 2007 оны намар байв.

Н.Энхбаяр МАН-ын эсрэг онц хорлолтой тулалдаан эхэлж энэ нь МАН-ын оршин тогтнохуйд үлэмж халгаатай болсон эгзэгтэй үед С.Баяр гарч ирсэн юм. Тэр тухайн үедээ бараг бүх хүний итгэлийг хүлээсэн хүн байлаа.

С.Баярын шинэчлэл

С.Баяр эхэндээ Н.Энхбаярын орыг эзлэх зорилготой байв. Хашир хүн учраас М.Энхболд шиг шууд байлдаан хийсэнгүй. Зүгээр л ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах зорилт дэвшүүлсэн юм. Гэтэл АН, Ц.Элбэгдорж яг ийм зорилт дэвшүүлжээ. Энэ үед Иргэний Эвсэл гэж асар том улс төрийн хүчин гарч ирсэн байлаа. Н.Энхбаяр гэж сонгууль үймүүлж онц байдал тогтоон Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэсэн бодолтой этгээд бас байлаа. Ер нь бол Иргэний эвслээс бусад нь сонгууль луйвардах, залилах бүх талын бэлтгэл хийсэн байлаа. Ингээд 7 дугаар сарын 1 болох нь тэр. Энэ талаар үй олон хурал семинар хийсэн боловч гол учир шалтгааныг нь одоо болтол олоогүй, олохыг ч хүсэхгүй байгаа юм.

7 дугаар сарын 1-ний үйл явдал бол улс төрийн эрх мэдэлд хүч хэрэглэсэн аргаар хүрэх гэсэн эрх баригч хэдхэн бүлэглэлийн хэдхэн хүний зөрчлөөс үүдсэн эмгэнэлт явдал мөн. Энэ бол Монголд Үндсэн Хуульт байгуулал, ардчилал бүрэн алдарсны тод үлгэр жишээ болсон бөгөөд үүнээс хойш Монголын төрийн амнаас гарсан “ардчилал”, “хүний эрх” гэсэн үг болгон худал хуурмаг зүйл болон хувирсан юм. Яагаад гэвэл алхам тутамдаа тэдгээрийн уландаа гишгэхэд бэлэн тэр нам, тэр хувь хүмүүс эрх мэдэл барьсан хэвээрээ байгаа юм.

С.Баяр МАН-д ямар шинэчлэл хийсэн вэ ? 2008 оны 9 дүгээр сард МАН-ын Бага Хурал дээр тэр илтгэл тавьсан юм.

Түүхэн боломжийг ашиглаж чадахгүй байсны гол шалтгаан нь…улс төрийн маргаан, зөрчил, сөргөлдөөн улсын маань хөгжлийг чөдөрлөсөөр ирсэнд оршиж байна. Бид улс төрийн ээдрээгээ шийдэхгүй түүхэн боломжоо алдах аваас…хоцрогдол ухралт болно.

С.Баяр “улс төрийн ээдрээ”, “түүхэн боломж” мэтийн шинжлэх ухааны бус нэр томъёо хэрэглэсэн хэдий ч монгол орны улс төрийн систем гүн гүнзгий хямралд орсныг хүлээн зөвшөөрөв. Ингээд тэр “Хийх ёстой түүхэн сонголтын тухай” бүлэгтээ хувьсгалтай дүйхүйц ихээхэн ноцтой олон санааг тэр өгүүлсэн юм. Илтгэлд өгүүлснээр бидний монголчуудад сүүлийн 100 жилд дөрөв дэх түүхэн сонголт тохиож байна. 1911, 1921, 1990 онуудыг тэр дурджээ. Харин одоо бол шинэ сонголт хүлээж байгааг тэр шулуухан хэлжээ. Энэ бол хурдан ч бай, удаан бай хувьсгал хийнэ гэсэн хэрэг юм. Ингээд тэр “дөрөв дэх түүхэн сонголт”-ын талаар юу гэж өгүүлснийг авч үзье:
Өнөөдөр бид бас нэгэн ийм сонголтын өмнө ирээд байна. (Бид) салаа замын уулзварт ирээд байна. Монгол Улсын төр засаг, улс төрийн намууд хөгжлийн талаарх бодлогоо шинэчлэн тодорхойлж…үр өгөөжээ өгөхүйц тогтолцоог бүрдүүлэх…Монгол төрийн “хар хайрцагны” бодлогоо бид хамтаараа дахин нэг сайн дэнслэх… шаардлага тулгарч байна. Монгол орон ухрах, урагшлахын торгон зааг дээр ирээд байна. Төрийн машин нэг бол мөнхийн гацаатай байдаг, нэг ажиллавал хяналтгүй дураараа эргэдэг эрүүл бус ийм байдал нүүрлэсний гайгаар бид асар их боломжийг алдлаа. Улс төр гацаанаас гарч, Монголын төр хөл толгойгоо олох…Төр засаг үймж байх хооронд…Монгол төрийн ажлыг өөд нь татахгүй бол бид хол явахгүй нь ээ. Түүхийн шийдвэрлэх шинж чанартай цаг мөчид дахин тулж ирээд…Энэ санаа бол Монгол орны түүхэн онцгой нөхцлөөс урган гарсан…

Ингээд тэр алдарт “5 төгөлдөршил”-өө зарласан юм. Түүнийг нь эдүгээ олон хүн мартчихсан учраас сануулах нь зүйд нийцнэ. Нэг. Сонгуулийн тогтолцооны, Хоёр. Байгалийн баялаг ашиглалтын, Гурав. Төр иргэнийг холбосон бүртгэлийн, Дөрөв. Хишиг хуваарилалтын, Тав. Төрийн албаны гэсэн ийм таван төгөлдөршил байсан юм.

Гэвч энэ нь ердөө л тунхаглал болоод өнгөрсөн юм. Учир нь С.Баяр 5 төгөлдөршлөө сонгууль болохоос 6 сарын өмнө зарласан, хожим Эвслийн Засгийн Газар байгуулаад ганцхан жил болсон учраас түүнийгээ хэрэгжүүлэх боломж байгаагүй юм. С.Баяр 2007 оны 12 дугаар сард Ерөнхий сайд болсон учраас 2007 оныг “ажил хийсэнд” тооцохгүй. 2008 онд сонгуулийн ажилд орсон нь мэдээжийн хэрэг ба тэрээр АН-ын жишгийг дагаж 1.500.000 төгрөг амласан, тэгээд сонгуульд бэлтгэсэн. Улмаар 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болсон, ингэж байж байгаад 2008 оны 9 дүгээр сард Эвслийн Засгийн Газраа бүрдүүлсэн. Ингээд ердөө л 1 жил ажиллаад 2009 оны 10 дугаар сард Сү.Батболдод намын дарга бөгөөд Засгаа шилжүүлсэн. Ингэхлээр С.Баярт “тавтай тухтай” ажиллах боломж байгаагүй гэж бүрэн итгэлтэй хэлж болно.

С.Баяр намд юу хийсэн вэ ? Тэр МАН-ын Удирдах Зөвлөлийг 39 хүнтэй болгож өргөтгөв. Мөн МАН-ын Бага Хурлын бүрэлдэхүүнийг 250 орчмоос 310 болтол өргөжүүлэв. Энэ нь намыг ардчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боловч огт тийм биш юм. Ийм хачин өөрчлөлт хийснээр МАН дотор байсан олон төрлийн жигүүр, фракцийн бүх удирдагчдыг Удирдах Зөвлөлд оруулж, мөн тэдгээрийн Удирдах бүрэлдэхүүнийг намын Бага Хурлын бүрэлдэхүүнд оруулав. Ингэснээр МАН-ын бүх сөрөг хүчин бүгдээрээ Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд орж С.Баярын мэдэлд бүрэн шилжив. МАН-д эсрэг үзэл бодол байх бололцоогүй болов. Үнэн хэрэг дээрээ бүх шийдвэрийг албан бусаар хэдхэн хүн гаргадаг дэглэмд шилжив. Энэ бол МАН-ыг алсуур хорлосон хамгийн адгийн шийдвэр болсон юм.

Дараа нь С.Баяр АН-ын “Алтангадас”-т, бүр тодруулбал Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт ихээхэн таатай хандах болов. Тэд нар нь МАН-ын залуучуудыг бодвол хамаагүй илүү пракматик байх аж. С.Баяр Оюу Толгойн асуудлыг шийдвэрлэхдээ МАН-аас Д.Зоригт, АН-аас С.Баярцогт, Л.Гансүх нарт найдсан юм. Д.Зоригт нь Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга асан, талийгаач Д.Бадраагийн дүү бөгөөд ихээхэн хүнд сорилт туулж, мөн үлэмж зориг гаргаж улс төр рүү орж ирсэн залуу юм. Л.Гансүх одоо шоронд байгаа. Харин УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбум төгрөг тараасан С.Баярцогт л ганцаараа мандаж байгаа. Их л сонин хувь заяанууд юм. “С.Баярцогт Оюу Толгойн гэрээг байгуулсныхаа төлөө 250 саяын 3 хувийн хүүг насан туршдаа авах, бас дээр нь “Оюу толгой” төслийн ажилчдын хүнсийг нийлүүлэх гэрээг авах болжээ” тухайн үеийн нэгэн өгүүлэлд барин тавин өгүүлсэн нь буй. Үүнийг үгүй гээгүй, зөвхөн интернет хайлтаас арилгасныг үзэхэд энэ бол нэлээд ноцтой баримт бололтой. Учир нь гэрээ байгуулагдахаас өмнө энэхүү 250 сая долларын урьдчилгаа ямар ч хүүгүй байсан юм.

Хамгийн хүнд усны асуудлыг шийдүүлэхийн тулд Байгаль орчны сайдын 22 тоот тушаал гаргаж, түүндээ үндэслэж говийн гүний усыг үнэ төлбөргүй ашиглуулахаар Оюу Толгойн гэрээнд тусгажээ. Энэ бол асар ноцтой гэмт хэрэг юм. Яг энэ асуудлын мөрөөр орсон сэтгүүлч А.Баатархуяг, одоо УИХ-ын гишүүн Г.Уянга нарыг шүүхэд өгөх шаардлагыг С.Баяр өөрөө биечлэн Л.Гансүхэд өгсөн байна. Үүний дараахан АНАТХ-г байгуулан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан Г.Уянгийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулалтай хийсэн байж болзошгүй байдаг…

Энэ мэтчилэн Оюу Толгойн шударга бус гэрээг сурталчлах, ухуулах, өмгөөлөх, хамгаалах бүхэл бүтэн сүлжээ Монголд бий болсон юм. Хамгийн гол үзэл сурталч нь Баабар юм. Баабар С.Баярын нууц зөвлөх болсон бөгөөд түүний өгүүллүүд монголын эх орончдыг муучлах, гадаадын хөрөнгө оруулалтыг магтан дуулах байдгийг монголчууд бүгдээрээ мэднэ. С.Баярыг явсны дараа Баабар дансаараа Сү.Батболдын мэдэлд шилжин ирсэн юм. Би эд бараа л дансаараа шилждэг гэж мэднэ, гэтэл эх орноосоо урвагч бас “дансаараа” шилждэг аж…

Үнэндээ бол С.Баяр Оюу Толгойн гэрээг л батлуулсан юм. Тэгэхдээ хамгийн шударга бус нөхцлөөр, хамгийн ашиг муутай, тэгш бус гэрээ байгуулсан нь одоо болтол хэл ам таталж байна.

Дарангуйлагч солих хуйвалдаан

Н.Энхбаярыг унагах нэг том зорилт С.Баярын өмнө тулгарсан юм. Н.Энхбаяр Оюу Толгойн гэрээг шударга хийх гээд байсан юм огт байхгүй. Нуран унаж байсан Н.Энхбаяр зан авир хийгээд бүхий л үйлдлээрээ ганцаараа идэх гээд байсанд хамаг учир байлаа. Иймээс Н.Энхбаярыг түүн шиг амбицтай хүнтэй нийлж унагах ёстой байв. Харин тэр хүн нь Оюу Толгойн гэрээнд саад болох ёсгүй байв. Ийм хүн бэлэн байсан юм. Тэр нь мэдээж хэрэг Ц.Элбэгдоржоос өөр хэн байх билээ ?! Ингээд наймаа тохиров.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар өрсөлдөв. Монголчууд Ерөнхийлөгчөө голдуу хоёрдахь удаагаа сонгодог ёс заншилтай бөлгөө. Гэвч Н.Энхбаярын ард тэсрэх бөмбөг байгааг Монголд тун цөөхөн мэдэж байсан юм. Ингээд сонгуулийн дүн гарахад хамаг юм орвонгоороо эргэв. Ц.Элбэгдорж 562.718 санал буюу сонгогчдын 51,21%-ийн санал авч ялалт байгуулан, Н.Энхбаяр 520.948 санал буюу сонгогчдын 47,41%-ийн саналаар ялагдал хүлээв. Зөрөө нь ердөө л 31.770 санал. Үүнийг мэргэжлийн хэллэгт “математик алдаа” гэж нэрлэх нь ч буй. Энэ бяцхан зөрөө агуу их дарангуйлагчийн эрин үеийн төгсгөлийн эхэн болсон юм. Мөн энэ зөрөө УБ хотын дүүргүүдэд, бүр тодруулбал Баянзүрх дүүрэгт гарсан нь хачирхалтай. Бараг л адил тэнцүү явж байсан хоёр өрсөлдөгч Баянзүрх дүүрэгт болохоор Ц.Элбэгдорж нь 59,84 хувьтай, Н.Энхбаяр нь 39,07 хувьтай гарсан нь яав ч тохиолдол биш юм. Одоо яая гэхэв, Н.Энхбаяр өөрөө олон удаа сонгууль луйвардсан биз дээ. Үүнийг сэтгүүлч А.Баатархуяг:”Н.Энхбаярын ард С.Баяр дөрвөн хөллөн хэвтэхэд Ц.Элбэгдорж өөдөөс нь түлхэж годройтуулсан юм” гэж нүдэнд харагдтал дүрсэлсэн болохоор надад нэмж хэлэх үг алга…

М.Энхболдыг дэргэдээ шадар сайдаар авав. Мөн “Хадгаламж” банкны хэрэгт УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг татаж шалгах асуудал УИХ-аар орж, тэдний бүрэн эрхийг нь түтгэлдүүлэхдээ тулаад байв. Үүнийг С.Баяр, М.Энхболд нар аргалснаар тэднийг аварсан ба тэд “эв нэгдлээ” бэхжүүлж чадсан юм. Ингээд тэд Н.Энхбаярын эсрэг асар хүчтэй фронт байгуулж чадсан юм.

Өнөөдөр манайхан “Хадгаламж” банкны асуудлыг аль хэдийн хоолтойгоо холиод идчихсэн гэдэгт мөрий тавьсан ч болох байна. Нэг хэсэг “Хадгаламж банк”, “14 тэрбум”, “казино”, “Чимэдцэрэн” гэнгүүт л пиво ч уухаа мартаад солиордог байснаа одоо санаж байгаа гэж найдаж байна. Манайхан ийм л тэнэг ард түмэн ш дээ. Ийм усан тэнэг болохоор чинь цаадуул чинь Та нарыг ингэж дээрэлхэхээс өөр яадгийм ?!

Уг нь “Хадгаламж” банкны асуудал бол Хадгаламж зээлийн хоршоо хийгээд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоотой ихээхэн холбоотой, гүн гүнзгий учир холбогдолтой. Энэ асуудал оросын 100 бензин колонкны асуудлаас эхлээд Жастын Батхүүгийн асуудал хүртэлх тун гүнзгий асуудал юм. Мөн “Зоос”,”Анод” банкны асуудалтай тун ч их холбоотой. Гэвч манайхан банкны асуудлыг угаасаа сонирхдоггүй бөгөөд энэ хэрээрээ банк санхүүгийн бүлэглэлүүдийн “гарын шүүс” болж байдаг. Үүний тод жишээ нь банк санхүүгийн луйварчин О.Чулуунбатын сүйрүүлэгч үйлдлүүд мөн. Одоо банкны луйварчин О.Чулуунбат Шийдлийн Засгийн Газрын Ерөнхий сайдын зөвлөх болж байгаа нь яав ч сайны ёр биш. О.Чулуунбат байсан газарт дандаа сүйрэл болдог зүй тогтолтой.

С.Баяр ердөө л Оюу Толгойн гэрээг байгуулаад “алга болов”. Гэрээний тухайд асар олон зүйл бичсэн болохоор надад нэмж хэлэх зүйл бараг алга. Оюу Толгойн гэрээ бол шударга бус, тэгш бус, эх оронч бус гэрээ хэлцлүүдийн сонгодог жишээ болно. Өөрөөр хэлбэл эх орноо зарж худалдахын үлгэр жишээ болсон юм.
С.Баяр Оюу Толгойн гэрээг баталсан 2009 оны 10 дугаар сарын 9-нд дараах үгийг хэлжээ:

Бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Оюу толгойн төслийн бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10000 ажлын байр шинээр бий болох юм. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм; Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2,5 тэрбум ам доллараар нэмэгдэж, гадаад валютын маань улсын нөөц арвижина; Жилд дунджаар 580 гаруй сая ам долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ; Уурхайг дагалдан говийн бүсэд авто зам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бvтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл ийнхүү тавигдана; Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогод сайнаар нэн нөлөөлөх юм.

С.Баяр энэ үгийг хэлээд л улс төрийн тавцангаас алга болсон юм. Хэрэв эх орондоо шударга, ашигтай гэрээ хийсэн хүн бол нүүр бардам зогсож байх ёстой атал С.Баяр бушуухан алга болов. Шалтгаан нь өвчин боловч асуудал хэт шударга бус гэрээнд байлаа. Оюу Толгойн шударга бус гэрээ, 7 дугаар сарын 1 хоёр С.Баярыг “алахад” хангалттай байсан юм. Яг энэ асуудлаар асуудлаар С.Баярыг золих суртал нэвтрүүлгийн компани Н.Энхбаяр өрнүүлэв. Оюу Толгой болон 7 дугаар сарын 1-ний учир шалтгааныг олох олон нийтийн болон эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сонсгол сард тутам 2-4 удаа болж, хэвлэл мэдээллийн хүчирхэг дайралт эхэлсэн юм. Нэг хэсэг монголын хуульчид, судлаачид, сэтгүүлчид тасралтгүй захиалга авч “жигтэйхэн сайхан” байсан боловч энэ талаар судлаад үр дүнд хүрсэн нь харин ганц ч байхгүй юм. Дашрамд дурдахад бүх төрлийн захиалгат судалгаа ганцхан намайг л тойрон өнгөрдөг байсан нь энэ асуудлын учрыг олох хүсэлтэй хүн Монголд нэг ч байгаагүйг баттай харуулдаг юм.

С.Баяр хийгээд Оюу Толгой ч гэсэн зүгээр суусангүй өөрийгөө сурталчлах, хамгаалах пиарын бүхэл бүтэн сүлжээ Монголд байгуулсан ба Монголын бараг бүх ХМХ, иргэний нийгмийн байгууллагууд тэднээс авилга авч амаа хамхисан юм. Энэ талаар би тодорхой бичиж байсныг олон хүн санаж байгаа байх…
Н.Энхбаярт бас нэг боломж байсан нь Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржийн оронд УИХ-д нэр дэвших явдал байсан юм. Харин энэн дээр С.Баяр намын дарга хэн бэ гэдгээ үзүүлэв. Тэхээс тэгэх гэсэн юм шиг Д.Зоригтын нэрийг дэвшүүлэв. С.Баяр: “АН-тай тохирчихсон, Д.Зоригт ялна…” гэсэн хамгийн товч, хамгийн ойлгомжтой үг хэлэв. Үүнийг МАН-ын Бага Хурал дээр Н.Удвалаас бусад нь маш сайн “ойлгов”. Энэ бол Оюу Толгойн гэрээг ямар ч байсан батална гэсэн хэрэг байсан юм. Энэ ч ёсоороо болсон билээ.

Н.Энхбаяр уурандаа Р.Бурмааг мэдээллээр хангаж хорлон сүйтгэх гэж оролдов. Хэрэв Д.Зоригт унасан бол Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд МАН-ыг унагасан гэх ялд С.Баяр унах байсан юм. С.Баяр юу боллоо гэж иймхэн юманд унаж байх билээ.

Дарга сөнөтүгэй, гэхдээ л дарга мандтугай

Ингээд С.Баяр Ц.Элбэгдоржтой нөхөрлөн Эвслийн Засгийн Газар байгуулав. МАН 45 суудалтай атлаа асар их буулт хийв. Энэ нь МАН-ын дургүйцлийг төрүүлсэн боловч “Алтангадас”-ыг шинээр эмхлэн байгуулж байгаа нь хамгийн том ололт байсан юм. Энэ удаад Н.Энхбаяргүй “Алтангадас”-ыг байгуулав. С.Баярын Засгийн Газарт Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар тэргүүн эгнээнд байх нь зүйн хэрэг байлаа. Чингэхдээ С.Баяр МАН дахь Н.Энхбаярын нөлөөг бууруулах ажил хийсэн болохоос системийг бүрэн эвдэхийг бодоогүй юм. Энэ ч гэсэн ойлгомжгүй хүнд асуудал байлаа. Монголын олигархууд даргад дургүй атлаа даргагүй бол хэцүүддэг хөгийн амьтад аж. Н.Энхбаярын үед бүх асуудал ойлгомжтой бөгөөд хялбар байжээ. Одоо бол учир нь олдохоо болив. Дарга нь хэнийг мэдэхээ байжээ…

С.Баяр уу ? Ц.Элбэгдорж уу ? Аль эсвэл Н.Энхбаяр уу ? Ер нь 7 дугаар сарын 1-нийг энэ гурвын зөрчлөөс гарсан гэж дүгнэж бүрнээ болох юм. Тэгвэл Н.Энхбаярыгаа нөгөө хоёр нь нийлээд унагасан тохиолдолд өрсөлдөөн ямар хэлбэрт орох вэ ?! Энд нөлөөлөх өөр хүчин зүйл байгаа юу ? Энэ асуултыг хэн ч тавьж байгаагүй юм.
Энэ нөхцөлд Эвслийн Засгийн Газар байгуулж том “Алтангадас”-ыг шинээр эмхлэн байгуулах нь хамгийн “зөв” шийдэл байсан юм. Энэ тохиолдолд том “Алтангадас”-ын дарга бөгөөд үүсгэн байгуулагч нь яалт ч үгүй С.Баяр болж таарч байгаа юм.

Гэтэл С.Баярыг хоёрдугаар Н.Энхбаяр болгохыг хүсэх хүн тийм ч олон биш байв. Дайснууд нь С.Баярын муу муухай баримтыг хангалттай их цуглуулж амжжээ. Дайсан гэж хэн бэ гэхээр унасан боловч үхээгүй, гэхдээ тархи толгой нь хэвийн ажиллаж чадахаа байсан Н.Энхбаяр байсан юм. Нөгөө талаас МАН дахь дотоод байлдааныг гааруулах, өөгшүүлэх сонирхол АН-ын тодотголтой хэн бүхэнд байлаа. МАН дотор ч гэсэн энхбаяристууд хангалттай их байв.

АНУ-д “нуруугаа хугалаад” эмчлүүлж байсан С.Баярыг Монголд ирмэгц нь барьж аваад намын даргыг нь булаан авах тун ухаалаг төслийг энхбаяристууд боловсруулав. Бүх талын бэлтгэлийг олон хувилбараар маш сайн бэлтгэсэн учраас С.Баяр “үхэх” нь бараг ойлгомжтой болоод байв. Зарим нөхөр С.Баярыг “алчихаад” бусад “урвагч” бүлгүүдээ нядлах төлөвлөгөөгөө барьчихсан давхиж явсан гээд л бодчих. Гэвч тэд нэг л зүйлийг тооцоолж чадаагүй юм. Тооцож ч чадахгүй байлаа. Энэ нь С.Баярыг албан тушаалтайгаа зууралдан үхэн хатан тулалдана гэж хатуу тооцсон явдал байв. С.Баяр АНУ-аас ирэнгүүтээ ерөөсөө огцрохгүй “шууд байлдана” гэдгээ “сайтар ойлгуулж” байгаад ердөө л Бага Хурлын урд шөнө гуравхан хүнтэй нүүр нүүрээ харан сууж байгаад намын даргын суудлаа Сү.Батболдод шилжүүлж орхив. Энд улс төрийн томоохон шахалт болон тохиролцоо аль аль нь байсан байх…

“Дайнд” бэлтгэсэн бүх бүлэглэл түүнийг ингэнэ чинээ огт санасангүй. Ялангуяа МАХН-ын Бага хурлынхан сэхээ авч амжсангүй. Ямар С.Баярыг хэвээр нь үлдээнэ гэж дайралтай нь биш. Ингээд “бодож” амжилгүй, шинэ даргаа “уламжлал” ёсоороо “100 хувь” сонгов. Үүнийг С.Баяр “нийгмийн захиалга” гэж ёжлов. Мөн Сү.Батболдод “no” гэсэн ганцхан үг зааж өгөв. Огцроод яваад өгсөн С.Баяртай “байлдах” утгагүй, дөнгөж саяхан “сонгосон” шинэ дарга Сү.Батболдтой “байлдвал” бүр ч утгагүй болов. Үүнийг сэтгүүлч А.Баатархуяг “улс төрийн амралт” гэж нэрлэсэн юм.

Энэ болтол Н.Энхбаяр өөрийн армийг “нүгэл бүхий” хавтаст хэргээр нь айлган сүрдүүлж давшилтад оруулдаг байсан юм. Одоо бол түүний энэ шахалтаас айж байлдаанд орох хүнгүй болов. Тэр сүйрлийн цохилт хүлээж, ердөө л “орон нутгийн” тулалдаан хийдэг ажилтай болов. Тэрийгээ ч гэсэн АН, МАН-ын алсын удирдлагын дор хийж гүйцэтгэх болов. Н.Энхбаяр хүн аймаар том, лаг чанга дуутай, онодоггүй пулемёттой амьтан болсон бөгөөд үзэгдсэн харагдсан болгон руугаа галладаг өвчтэй болов. Нөгөөдүүл нь эхлээд жаахан аймаар аядаж байснаа сүүлдээ бие биенээ зааж өгөн Н.Энхбаяраар пулемётлуулдаг болов. Тэр МАН, Хамтарсан Засгийн Газар, Ц.Элбэгдорж, С.Баяр, У.Хүрэлсүх гээд л хэн тааралдсан руугаа “пулемётлодог” сайхан ажилтай болсон юм.

С.Баяр Оюу Толгойн гэрээг хүчилж хийсэн болон бусад олон шалтгааны улмаас улс төрөөс холдохоос өөр аргагүй болсон юм. С.Баяр өөрийгөө жорлонд хийж байгаад өөрөө усаа татчихсан юм.

Ийнхүү С.Баяр улс төрөөс явснаар МАН төдийгүй “Алтангадас” ахиад л даргагүй болов. Сү.Батболдыг ямар дарга гэхийм ?! У.Хүрэлсүх Н.Энхбаярыг үлдэгдлийг намаас цэвэрлэх хийгээд намыг залуужуулах гэсэн хачин зөрчилтэй үүрэгт ажил хүлээж авав. Өөрөөр хэлбэл Сү.Батболд боловсон хүчингүй, У.Хүрэлсүх намгүй байв. Ингээд тэд МАН-ыг бүрэн ялалтад хүргэхийн тулд “Тэрэлжийн тунхаг” гаргаж, Н.Энхбаярын нөлөөнөөс гаргах ажил эхэлсэн ба 2012 онд ялсныхаа дараа тооцоо бодохоор төлөвлөж байсан юм. У.Хүрэлсүх “Зүүний хүчний Холбоо”, бас юмыг яаж мэдэхэв гэж “Соёмбо” хөдөлгөөн байгуулсан юм. МАН болон АН-д болсон энэ үйл явдлуудыг хэн бүхэн мэдэхээс гадна “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа хө,” Ялгаа” болон бусад олон өгүүлэлд шинжилсэн болохоор давтан ярих нь илүүц юм.

2012 сонгуульд АН “дарга” нам болж, МАН “цэрэг” нам болсноор илээр бол МАН, далдуур бол том “Алтангадас”-ын хэвшиж тогтсон суурь харилцаа эвдрэв. Зөвхөн улс төрийн талаар эвдэрсэн бол тэсээд байж болох байв. Гэтэл эдийн засгийн талаар эвдлэв. Н.Алтанхуягийн бүлэг хэт дураараа дургисан ба сүүлдээ бие даасан жижиг “Алтангадас” байгуулах оролдлого хийв. Үүнийг ч гэсэн би дурдсан өгүүллүүдэд тодорхой шинжилсэн.

Энэ үед С.Баяр дахин гарч ирэв. Шалтгаан нь МАН лидергүй, намын нэр хүнд өсөхгүй байсан явдал юм. Энэ хооронд төр засагт дургүйцэх явдал том “Алтангадаст” ихээхэн газар авсан байлаа. Хамгийн түрүүнд том “Алтангадас”-ыг нэгтгэж, шинэ лидертэй болгох явдал амин чухал шаардлага болов. Үүнийг хэн хийж чадах вэ ? Хуучны бүлгийн тоглолтыг сайн мэддэг, мөнгө олох ажлаа сайн мэддэг, мөн “Алтангадас”-ын угшилтай хүн хэрэгтэй. Ийм хүн МАН-д бараг байхгүй юм. Байгаа нь уртаашаа ердөө л У.Хүрэлсүх байгаа. Харин АН-д бол хоёрын хоёр ширхэг байгаа. Энэ бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт “сиамын ихрүүд” юм. “Алтангадасын” шинэ дарга нар мандтугай…

С.Баяр юуг дутуу бодсон вэ ?

С.Баяр энэ үйлдлийг хийснээрээ юуг зөв тооцож, юуг дутуу тооцсон бэ гэдгийг дүгнэх ёстой болж байна. Энэ шинжилгээг хийхдээ чөтгөрийн тойргийн дотор болон гаднаас гэж хоёр янзаар сэтгэн бодоход л гараад ирнэ. С.Баяр нэгэнт чөтгөрийн тойргийн дотор байгаа, түүнд лав орооцолдсон хүн учир яаж ч лут сэтгэдэг байсан зөвхөн түүнийхээ хүрээнд сэтгэнэ гэхэд ямар ч алдаа гарахгүй. Яг энэ хэсэг дээр нь анализ хийвэл түүний бодол санаа ив ил тодроод л гараад ирнэ. Нөгөө талаасаа улс төрийн ерөнхий хандлага, АН болон МАН-д гарсан хийгээд гарах хандлагуудыг аваад үзэхэд нөхцөл байдал улам тодорхой болно.

Нэг. Зарчмын тухай

“Хоёр нам хамтарч юм хийх тухай” санаа бол С.Баярын зохиосон сайхан атлаа хоосон үг болохоос биш, энд ямар нэг зарчимтай төстэй зүйл юу ч байхгүй. С.Баяр олигархийн нам байгуулан бэхжүүлэх хүслээ ийнхүү илчилж байна. Намууд хамтран ажиллаж болдог, харин санаатайгаар нийлж байгаад хуйвалдаж болохгүй. Ийм утгагүй юм энэ дэлхийд байхгүй. Хэрэв С.Баяр хаа ч байхгүй зарчим тунхаглаж болж байгаа юм бол АН болон МАН ч гэсэн намаа МАНАН буюу том “Алтангадас”-аас цэвэрлэх нь жинхнээсээ зарчим болно. С.Баяр Оюу Толгойн шударга бус гэрээг анх хийхдээ энэ утгагүй зарчмыг тунхаглаж байсан, одоо ахиад тунхаглаж байна. Ер нь ч тэгээд нам дамнасан явцуу бүлэг хуйвалдан төр халаагүй зайдалж байх ёстой гэж хэн ч хэлээгүй.

Хоёр. Алтангадасын дарга хэн бэ ?

Өмнө нь бол том “Алтангадасын” дарга цаг ямагт МАН байж ирсэн. Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд гэх мэт. Сүүлийн үед Н.Алтанхуяг жижиг “Алтангадас” байгуулах гээд сүйрч байна. Ингээд одоо С.Баярын санаачлагаар “Алтангадас”-ын даргаар ямар ч эргэлт буцалтгүй МАНАН-гийн хүмүүс болж байна. Нэг хүн биш, бүр хоёрын хоёр хүн болгов. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр бол одоо ямар ч эргэлзээгүй АН-ын лидер болох нь. Нэг талаасаа АН-ын олсон амжилт, бусад лидерүүдийн хувь заяаг С.Баяр урьдчилан шийдэж зөвхөн нэг явцуу бүлгийн мэдэлд өгч байна. Нөгөө талаасаа МАН-ын боломжит амжилтыг С.Баяр бас л урьдчилан шийдэж АН-д өгчихөж байна. Энэ бол Монголын улс төрд гарч буй томоохон шилжилт юм. Зөвхөн Оюу Толгойг шийдэхийн тулд, зөвхөн мөнгө олохын тулд ийм том эрсдэлтэй алхам хийж байна. Үүнийхээ олон уршигт үр дагаврыг С.Баяр тооцоолоогүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Хоёр. АН-ын асуудал

Хэрэв би эндүүрээгүй бол АН маш олон бүлэг фракцитай. Энэнийхээ хүчинд, энэ тэнцвэр дээр АН оршин тогтнодог. Гэтэл энэ тэнцвэр алга болж, эрх мэдэл том “Алтангадас”-ын мэдэлд шилжив. Том “Алтангадас”-аас өөр бүлэг, фракци намын болон төрийн эрх мэдэл гэж ярих эрхгүй болов. Том “Алтангадас” бол МАНАН-гийн мэдлийн бүлэг, түүний шинэ үе юм. АН-д үе солигдох үйл явц жам ёсны өрсөлдөөний дунд биш, МАНАН-гийн сонголтоор хийгдэх болж байна. АН-д өөр ямар ч лидер гарч ирэх бололцоо алга болж, бүрэн хаагдав. Үүнээс илүү тэнэг юм гэж хорвоод үгүй юм. АН засгийн эрх барьж чаддаггүй, эрх мэдлээ цаг ямагт бусдад алдаж байдаг гэдэг нь үүгээр бүрэн нотлогдож байна. Тэгвэл яах гэж Н.Алтанхуягийн жижиг “Алтангадас”-ыг устгасан юм гэсэн асуултад АН-аас хэн ч хариулт өгч чадахгүйд тэдний эмгэнэл оршино. Ердөө л МАНАН-гийн том “Алтангадас”-ыг дахин бий болгох гэж засаг нураасан болж таарч байна. Н.Алтанхуягийн дарлалаас гарч С.Баярын дарлалд орох нь АН-ынханд “аз жаргал” байдаг аж.

Гурав. МАН-ын асуудал

МАН Авралын Засгийн Газарт орж байгаагаа хэчнээн ч гоё тайлбарлаа гэсэн утга учир багатай. Учир мэдэхгүй хүмүүсийг 5 яам, хэдэн дэд сайдын суудлаар аргацаах бол ердөө л заль мэх мөн. Гуринхилж үхэх шахсан нөхдүүдэд л 5 яам том харагдаж байгаа болохоос уг нь бол бүхэл бүтэн Засгийн Газар байж л байгаа ш дээ. Хэрэв олонхи болсон нам эвсэл Засгийн Газраа бүрдүүлж чадахгүй бол дараагийн нам эвсэл Засгийн Газар бүрдүүлнэ гэж манай хуулинд тов тодорхой заасан байгаа. Энэ нь АН Засгийн Газраа бүрдүүлж чадахгүй бол МАН бүрдүүлнэ гэсэн үг юм. МАН-д өөрийн Засгийн Газраа бүрдүүлээд цааш явах бүрэн боломж байгаа. Ингэвэл МАН-д бүхэл бүтэн Засгийн Газрын 15 суудал бэлэн байгаа. Одоо ч энэ нь нээлттэй хэвээрээ байгаа. Хуулийн энэ заалтыг С.Баяр хараагүй, мэдээгүй байх учир байхгүй. Гэтэл харсаар, мэдсээр байж энэхүү бүрэн ялалтын баталгаатай хувилбараар явахгүй заавал “Алтангадас”-ын АН-ын 5-хан яамтай хувилбарыг зүтгүүлээд байгаа нь дэндүү хачирхалтай. С.Баяр намаа дээр үед ч бодож байгаагүй, одоо ч бодохгүй байгаа нь илт байна.

Дөрөв. Эвслийн асуудал

Эвсэл гэж одоо юу юм ?! Юу ч л биш байхгүй юу. Н.Энхбаяр дахин ирэхгүйгээр явчихлаа. МАХН бол хэнд ч хэрэггүй хог новш болж байна. М.Энхсайхан “мантуу” аваад л болж байна. Үүнээс цааш бол тэр мантуунаасаа хэтрэхгүй. МҮАН юу ч биш болж байна. МАХН Н.Энхбаярын нэр хүндийг ашиглаж оноо авдаг байсан бол тэр нь алга болж байна. Харин МҮАН Г.Уянгийн нэр хүндийг зарж оноо авдаг байсан нь одоо дуусч байна. Г.Уянга нэр хүндээ ахин заруулахгүй. Судалгаагаар Г.Уянгын нэр хүнд Эвслийн нэр хүндээс 4-5 дахин илүү байдаг юм. Одоо улам өсч байгаа.

Энэ тохиолдолд Эвслийг аргадаад, гуйж царайчлаад байх улс төрийн ямар ч шаардлага байхгүй. Гэтэл С.Баяр нэгэнт “эв нэгдлийн” зарчим тунхагласан учир тэднийг аргадах ёстой болж байна. Энэ бол ёстой илүү зан юм. Одоо Эвсэлд 10 гишүүн байгаа. 8 гишүүнээс доош орвол Эвслийн бүлэг байхгүй болно. Тэр ч бүү хэл Г.Уянга гарахад л Эвсэл амьгүй болно. Энд би нарийн механизм ярихгүй. Гэхдээ л ингэнэ гэдгийг мэдэж байна. Үүнийг С.Баяр бодож болох л байсан. Гэвч тэр бодож чадахгүй байна. Мундаг сэтгэдэг нь энэ үү ?!

Хоёр нам ажлаа хийж чадахгүй МАНАН болж ажил хийнэ гэнэ, суудал хуваах болохоороо хэнд ч хэрэггүй “юмнуудад” сайд өгнө. Сайдын суудал үнэтэй гэж Та нар л ярьдаг биз дээ. Одоо үнэгүй бэлгэнд өгдөг болчихож. Тэгвэл сайдын суудлыг хэдийд үнэтэй, хэдийд бэлгэнд өгдөг зарчмаа бас л тайлбарлах ёстой. Үүнийг С.Баяр намынхаа залуучуудыг бодсон гэж тайлбарлаж чадахгүй л болов уу ?

Тав. Ц.Элбэгдоржийн асуудал

Монголын улс төрийн тавцанд 25 жил болсон Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг даран сөнөөснөөр өөрийнхөө насыг уртасгана гэж бодсон юм. Одоо түүнээс: 1. Н.Алтанхуяг, С.Баяр хоёрын аль нь аюултай вэ ? 2. МАНАН, АН-ын аль нь аюултай вэ ? 3. Жижиг “Алтангадас” том “Алтангадас”-ын аль нь аюултай вэ ? 4. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёрын аль нь аюултай вэ ? 5. МАН, АН-ын аль нь аюултай вэ ? гэсэн бараг ижил агуулгатай 5 асуулт асуувал тэр хариулж чадах нь юу л бол ? Энд “ухаалаг төрийн онол” нь тус болохгүй нь мэдээж.

Ц.Элбэгдорж өөрөө “Алтангадасын” дарга болох гэж байгаад АН-аа МАНАН-гийн мэдэлд өгч орхив. Энэ бол стратегийн үлэмжийн тэнэг алдаа юм. Одоо бол Сталинградын дэргэд бүслэгдэн бууж өгсөн германы генерал Паулюс хийгээд Ц.Элбэгдорж хоёрын хооронд өчүүхэн ч ялгаа алга.

Ц.Элбэгдоржийн шунахай хүслээс болж АН-ын нэгээс бусад бүх фракци ямар ч ирээдүйгүй болж байна. Мөн том “Алтангадас”-аас өөр бүлэг фракци лидер гаргах эрхгүй болж байна. Тэр ч бүү хэл Ц.Элбэгдоржийг зайлуулах шиг амархан ажил гэж байхгүй болж байна. Ц.Элбэгдоржийн цаашдын хувь заяаг АН биш, МАНАН мэдэх болж байна. Үүнийг хувь заяагаараа тоглоно гэдэг юм.

Зургаа. Залуучуудын асуудал.

С.Баяр сүүлийн үед “залуучууд ачаагаа үүрэх цаг болсон” гэдгийг байнга хэлж байгаа. Үүнийг нь МАН-ын залуучууд сонсоод их баярлаж байгаа нь илт. Гэвч С.Баяр энэ үгээрээ МАН-ын залуучуудыг хэлээгүй, харин АН-ын Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хэлж байгаа гэдгийг тэд баярласандаа болоод ойлгохгүй байна. Хэрэв тэр намынхаа залуучуудад хайртай байсан бол сиамын ихрийн зөвхөн аль нэгийг л Засгийн Газарт оруулбал болох байсан. Гэтэл С.Баяр бүх хосоор нь оруулах гэж үхэн хатан чармайв. Харин өөрийн намын залуусыг дэд сайдын 5 суудалд алалцуулж, бараг бүгдэд нь амлалт өгч байгаа бөгөөд сайд болж чадаагүйд 2016 онд заавал сайд болгоно гэсэн нэмэлт амлалт өгч байгаа. Энэ бол МАН-ын үлэмж хоцрогдож улиг болсон хуучин арга юм.

С.Баярын “залуучууд” гэдэг ойлголт нь баруунд боловсрол эзэмшсэн, баян залуусыг л хэлж байгаа болохоос дотоодод төгссөн, ядуу Та нарт ямар ч хамаагүй юм.

У.Хүрэлсүхийн талаар би сайн муу зүйл яримааргүй байна. Тэрээр биологийн нас нь залуу, харин улс төрийн нас нь хөгшин талдаа орно. Энэ нь гарцаагүй зөрчил үүсгэж байна.

Баруунд өөрөөр үнэлдэг биз. Харин Монголд бол өдий насны улс төрч мотоцикль унаж давхиад байвал “салтаагаараа сагсуурна” гэдэг, гитар тоглож гүйгээд байвал “хуруугаараа пянздана” гэдэг юм. МАН ингээд байвал АН-ын “Алтангадасын” МХЗЭ-ээс хэтрэхгүй нь дэндүү ойлгомжтой. Харин үүнийг бол С.Баярын түүхий хоол гэдэг юм…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?