sonin.mn

Максимлян Лёонхард Клойбер. 58 настай энэ эр ХБНГУ-ын Амберг хотын уугуул. Хил дамнасан залилангийн гэмт хэргээрээ цуутай тэрээр 13 сая евро цүнхлээд Монголд “зочилсноос” хойш сураггүй болсон гэлцдэг.

Манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагаас ХБНГУ-ын цагдаагийнхантай хамтраад ч түүний сургийг гаргаж чадаагүй. Ингээд үг, үсэг нэмэгддэггүй хавтаст хэргүүд л үлджээ.

Хэвлэлд дурдсанаар М.Л.Клойбер нь хуурамч нэрээр хил дамнаж гаршсан нэгэн байж. Голдуу гадаад улсын нэртэй эмч нарын нэрийг гэмт хэрэгтээ ашигладаг байсан гэнэ. Тэрээр Австрид байрлалтай гэх “Evantes invest investment” нэртэй хуурамч компаниараа дамжуулж залилан хийдэг байсан төдийгүй Берлин хотоос холгүй орших Хенниг тосгоны банкийг хүртэл дампууруулах шахжээ.

Мөн Германы нэгэн томоохон банкийг пирамид хэлбэрийн сүлжээний бизнесээрээ залилж хадгаламж эзэмшигчдийг нь хохироосон удаатай болохыг Германы хэвлэлүүд мэдээлсэн байна. М.Л.Клойбер зугатахаас өмнө 2002-2004 онд хөрөнгө оруулагчдын компанид нь нийлүүлсэн хөрөнгөөс 18 хувийг нь дансандаа шилжүүлснийг ч дурьджээ.

Түүнийг одоо Интерполоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд олсон хүнд 20 мянган ам.долларын шагнал ч амлаж байжээ.  М.Л.Клойбер 2005 онд манай улсад ирснээс хойш сураггүй болсон юм.

М.Л.Клойберт холбогдох хавтаст хэрэгт хэд, хэдэн монгол хүний нэр тодоос тод бичээстэй. Тэд бол Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар болон М.Л.Клойберийн хамтран амьдрагч Ё.Гантуяа нарын хүмүүс юм.

Д.Цогтбаатарын хувьд М.Л.Клойберийг мөрдөх ажлын хэсэгт орж ажилласныхаа хувьд түүнтэй холбоо тогтоосон төдийгүй сураггүй болоход нь нөлөөлсөн, түүний хамтран амьдрагч Ё.Гантуяаг залилж их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэмээн өнгөрсөн оны зургадугаар сараас манай хууль сахиулагчид шалгасан. Харин өнгөрсөн наймдугаар сард уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Залилангийн үйлдэл нь зөвхөн нутаг нэгтнээ биш харь улсын иргэдийг ч хохироож чадсан гэмт этгээдийн хэргийн өөр нэг холбогдогч нь Ё.Гантуяа болон тэдний гэр бүлийнхэн.

Цагдан хоригдож байхад нь эрэн сурвалжилна гэж байх уу?

Герман эрийн хэрэг өнгөрсөн 2013 онд Монгол Улсын хэмжээнд дуулиан дэгдээсэн юм. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг өнгөрсөн оны зургадугаар сард цагдан хорьсноор М.Л.Клойберийн хэрэг дахин босож ирсэн гэж хэлж болно. Уг хэргийг бүр 2005 онд цагдаагийнхан шалгаж байсныг эх сурвалж хэлж байгаа юм.

Учир нь тэр үед М.Л.Клойбер сураггүй болохтой зэрэгцэн Ё.Гантуяаг манай цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Түүнийг хууль бусаар их хэмжээний мөнгө ашигласан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, улсын хилээр валют хууль бусаар нэвтрүүлсэн болон хуурамч бичиг баримтаар хил давсан гэсэн хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Харин 2005 оны арванхоёрдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангиуд нь нотлогдоогүй хэмээн прокурорын 38 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон юм байна. Харин бусдын бичиг баримтаар хилээр нэвтэрсэн үйлдэлд нь шүүхээс тухайн сарынхаа 19-нд ял оноож нэг жилийн тэнсэн харгалзжээ. Түүнээс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараагүй төдийгүй эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй байжээ.

Харин ХБНГУ-ын мөрдөгчдөд М.Л.Клойберийг 2005 онд Монголд ирээд буцаж гарсан баримт, нотолгоо байгаагүй нь хэргийн сэжүүр болж манай улсад ирээд буцсан. Чухам хэргийн мөрдөн байцаалт аль хэрэг урагшилсан нь тодорхойгүй.

Харин тухайн үед цуутай гэмт хэрэгтнийг олон улсад 20 мянган ам.доллараар үнэлэн эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. Түүний  хамтран амьдрагч Ё.Гантуяаг ч ижил үнэлэн Интерпол болон манай цагдаагийнхан хайж эхэлснийг ч дурдаж байсан.

Тэгвэл тэр үед Ё.Гантуяа цагдан хоригдож байжээ. Цагдаагийнхан түүнийг нөхрийг нь сураггүй болсон хэрэгт буруутгаж 2012 оны аравдугаар сараас хорьсон юм байна. Мөн гэр бүлийнх нь хүмүүсээс ч байцаалт авдаг байжээ. Хууль сахиулагчид Ё.Гантуяаг жил гаруй шалгасны эцэст өнгөрсөн оны сүүлчээр батлан даалтад гаргажээ. Удалгүй уг хэргийг түдгэлзүүлснийг түүнд дуулгасан байна.

М.Л.Клойбер өөрийгөө хуурамч нэрээр танилцуулжээ

Ё.Гантуяа М.Л.Клойбертой танилцахаасаа өмнө ХБНГУ-д олон жил ажиллажээ. Тэрээр хэд, хэдэн ажил зэрэг хийдэг байсан бөгөөд герман нөхөртэйгөө танилцаад нэг их удалгүй Монголд ирсэн нь 2004 он байв. М.Л.Клойбер Ё.Гантуяад өөрийгөө доктор Bayer Sander хэмээн танилцуулсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд гэр бүл болохоор Монголд ирсэн гэх ч М.Л.Клойбер манай улсыг үзэж сонирхохоор ирсэн гэлцдэг юм байна. Тэрээр Монголд байхдаа үргэлж гадагшаа аль нэг улс руу явдаг байсан гэнэ.

Түүний аяллын зорилго, ажил мэргэжлийнх нь талаар хэн ч мэддэггүй, эхнэртээ ч хэлдэггүй байсан бололтой. Учир нь Ё.Гантуяа нөхрийнхөө ямар ажил эрхэлдгийг сураггүй болох хүртэл нь мэдээгүй байжээ. Тэд Монголд ирээд жил гаруй хугацаа өнгөрсний дараа М.Л.Клойбер сураггүй болсон юм байна. Тэр үед бас л гадаад явах зорилгоор гэрээсээ гарсан аж. Чухам аль улс руу явж буйгаа өөрт нь хэлээгүй тухай Ё.Гантуяа тэрээр мэдүүлдэг ажээ.

Ё.Гантуяагийн нэр зөвхөн М.Л.Клойберийн хэрэгт бус Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарын хавтаст хэрэгт ч бий. Энэ нь Д.Цогтбаатарыг М.Л.Клойберийн хэргийг шалгах явцад Ё.Гантуяагаас их хэмжээний мөнгө залил­сан байж болзошгүй гэсэн хуулийнхны үндэслэл юм. Гэвч тэр хоёр нэгнийхээ зүсийг хараагүй гэдгээ аль, аль нь мэдүүлсээр байжээ.

Хэрэв  Д.Цогтбаатар Ё.Гантуяагийн мөнгийг залилсан бол түүнийг хохирогчоор тогтоох ёстой ч хуулийнхан ийм ажиллагааг явуулаагүй бөгөөд энэ нь анх шалгасан залилсан гэх үндэслэл нь буруу байсантай холбоотой биз ээ.

Ийнхүү их мөнгөтэй алга болсон гэх М.Л.Клойберийн  хэрэгтэй холбоотойгоор 10 орчим жил гэр бүлийнхээ хамтаар цагдаа, шүүхээр шалгуулж яваа монгол бүсгүй хэргийг түдгэлзүүлсэн гэдэг хариулттай үлдэж.

Харин Сөрөг тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатарыг анх М.Л.Клойбер болон түүний эхнэр Ё.Гантуяатай холбоотой хэргээр шалгаж эхэлсэн ч өнгөрсөн аравдугаар сард болсон анхан шатны шүүхээс тэс өөр хэргээр буюу төрийн нууц задруулсан, бусдыг далайлган сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр яллачихсан байна. Ер нь хил дамнасан залилангийн зартай хэрэгтэн монголчуудыг хөлдөө чирсэн юм биш биз. Хэрэв түүний сургийг гаргавал олон хэргийн зангилаа тайлагдана даа.

Б.Энхзаяа

Эх сурвалж: