sonin.mn

“Ахмад үе” булангийнхаа хойморт чөлөөнд байгаа хурандаа Ёндонгийн Жасрайг урилаа. Өөрийгөө “Хотгойд ястан" хэмээн тодорхойлсон тэрбээр Монгол орны хоймор нутаг болох Хөвсгөл аймаг, хотгойд ястны төв хэсэг Цагаан-Уул сумын уугуул аж.

1931 онд байгуулагдсан төрөлх сумаасаа дөрвөн насаар дүү хурандаа маань 1955 оны цэрэг. Тухайн үеийн хотын комендантын анги буюу эдүгээгийн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн алба хааж байхдаа БНАГУ-д мал хүргэлцэх хүндтэй албанд томилогдож байжээ.

-Та хүндэт харуулын ротын анхны цэрэг юм байна. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Тийм ээ. Цэргийн албыг 1955 оны 9 дүгээр сарын 20-ноос хааж эхэлсэн. Жинхэнэ цэрэг болсон өдрөө энэ өдрөөр тооцож, өөрийн төрсөн өдрийг ч мөн энэ өдрөөр сонгон, албан ёсоор тогтоосон юм. Тэр нэгэн өдөр Хөвсгөл аймгаас цэргийн албанд тэнцсэн 300 орчим залуу 10 гаруй машинаар нийслэлийн зүгт гарч байлаа.

Зам зуураа Булган аймгийн Хутаг-Өндөр сум, аймгийн төв зэрэг газар түр саатаж, гурав хоноод нийслэл хотынхоо барааг харж, “Хар усан тохой” гэдэг газар буудалласан юм. Дараа өдөр нь халуун усанд орж, үсээ авахуулж, цэрэг хувцсаа өмсөж, жинхэнэ цэрэг болсон доо.

Энэ мөч миний хувьд ажил амьдралын маань эх үүсвэр байсныг өнөөдрийг хүртэл бахархан дурссаар байдаг юм. Энэ өдөр үдийн хэрд шар хүрээтэй дугуй малгай өмссөн өндөр биетэй цэргийн дарга жагсаалын эхнээс цэргүүдийг эргүүлж, тойруулж үзэж шалгаад, ганц нэгийг нь жагсаалаас гарган зогсоож байв.

Тэгээд миний өмнө ирж зогсоод, хөлнөөс толгой хүртэл хараад, жагсаалаас гар гэдэг юм байна. Ийм маягаар манай аймгаас 18 цэрэг сонгогдсон юм.

Тэр дарга маань Хүндэт харуулын ротыг анхлан байгуулж, цэргүүдээ сонгож авсан хошууч Ж.Ёндон байсан юм. Хожмоо Батлан хамгаалахын сайд хүртлээ өсөн дэвжиж, хурандаа генерал цол хүртэж цэргийн том жанжин болсон доо, миний дарга.

-Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим мөн энэ цаг үед байгуулагдсан гэл үү?

-1956 онд ЦЕС татан буугдсан учир Хүндэт харуулын анхны рот байгуулагдахтай зэрэгцэн Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн салаа хошууч Н.Цэрэнпил удирдаачтай бий болж, бидэнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан юм.

Тэр үед улирсан ахлагч, хугацааны цэрэг, сурагчид, бүр жаахан хүүхдүүд ч байсан. Ч.Нянгар гэж жаахан хүүхэд байсныг тод санаж байна. Хожмоо хөгжмийн нэртэй зохиолч болчихсон: Алган дээрээ бөмбөрүүлэн Айлын хооронд үүрсэн Азай буурал ээжийнхээ Ачийг яаж хариулна даа хэмээх олонд түгсэн сайхан дуугаа надад сонсгож байсан юм даа.

-Гурван жилийн цэрэгт тохиолдсон зүйл олон байсан л байх даа?

-1956 онд Улс хувьсгалын 35 жилийн ой тохиож, 7 дугаар сарын 9-ний шөнө төв талбайд жигдрэлтийн жагсаал хийгээд, тэндээсээ гадаадын зочин хүлээж авахаар шууд нисэх буудал руу явсан. Ирсэн зочин нь БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен байсан санагдана.

Манай салааны цэргүүдийн сууж явсан “Зис-5" машин нэлээд хоцорч Буянт-Ухааг давж ирэхэд, түрүүчийн машинууд очих газраа хүрчихсэн, цэргүүд нь буугаад жагсаж байв. Бидний сууж явсан машин нисэх буудлын шовгор оройтой байшингийн араар орж огцом эргэснээс болж онхолдсон юм. Тэр үед Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Дамдинхүү, хотын комендантын дарга, хурандаа Цэдэндаш, ротын дарга, ахмад Туваанжав нар бүгд байсан.

Осол гарсан газар Д.Дамдинхүү генерал ирж “Буу, зэвсэг эвдэрсэн үү?” гэж асуухад нь Цэдэндаш хурандаа “Чи бид хоёр үстэй толгойгоо цайтал ардын хүүхэд хүмүүжүүлчихээд, хүн үхэх гэж байхад буу, зэвсэг асуулаа” гээд уурлаж байсан гэдэг.

-Гадаадад цэргийн сургуульд суралцсан тухайгаа хуучилна уу?

-1958 оны зун Хотын комендант дээр цэргийн дунд сургуульд явах хүмүүсийг бэлтгэж байсан юм. ЗХУ-ын Хилийн цэргийн дунд сургуульд хүн элсүүлнэ гээд улаан “Ява”-тай ахмад яваад байсан. Нэг өдөр миний дотны анд М.Пүрэвжав маань “Хилийн цэргийн сургуульд явах хүмүүсийн тоо-гүйцэхгүй байна гэнэ. Хоёулаа орох уу?” гэдэг юм байна.

Халагдахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байсан. Тэгээд ном, журмынх нь дагуу шалгалт шүүлгэнд нь ороод тэнцчихдэг юм байна. Ингэж л Ж.Ёндон даргынхаа гар дээрээс Москва хот дахь Хилийн цэргийн дунд сургуульд найзынхаа хамт явсан юм даа.

1961 онд сургуулиа Ц.Дашням, Х.Баянцагаан нарын хамт “Онц” дүнтэй дүүргэж ирэхэд дэслэгч цолоор шагнаж, Улаанбаатар хотын Нисэх төв буудлын Байцаан өнгөрүүлэхийн даргаар томилсон. Сонирхолтой нь цэрэгт хамт алба хааж, бас хамт суралцсан, дотны нөхөр М.Пүрэвжав маань миний туслахаар томилогдсон явдал байв.

-Аюулаас хамгаалахын ажилтан болсон тухайд...?

-Миний хувьд дахин сургуульд суралцах хүсэл байсан л даа. Тийн байтал НТХ-ны Захиргааны байгууллагын хэлтсийн дарга, генерал С.Батаа нарын хүмуүс Нисэхийн ажилтай танилцахаар ирэхдээ миний ажилтай мөн танилцав.

Тэгэхэд нь би, цаашид ямар нэг сургуульд суралцах хүсэлтэй гэдгээ илтгээд авсан. Гэтэл цэргийн тусгай хэлтэст төлөөлөгчөөр томилж, гүйцэтгэх ажилтан болгосой. Тийнхүү хоёр жил гаруй ажиллаад Ф.Э.Дзержинскийн нэрэмжит Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуульд явсан юм.

Тэр жил Улаанбаатар хотод их үер болж, нийслэл тэр аяараа усанд автаж, аймшигтай том аюул болж билээ. Нэр хүндтэй тэр сургуульд суралцаж байхдаа Абель Бин зэрэг алдартай тагнуулчидтай уулздаг байсан даа.

1970 онд сургууль төгссөн гүйцэтгэх ажилтнуудыг НАХЯ-ны сайд, дэслэгч генерал Б.Жамбалсүрэн, I орлогч сайд, Улсыг Аюулаас хамгаалах Ерөнхий төвийн дарга, хошууч генерал Р.Гүнсэн, Боловсон хүчний газрын дарга, хурандаа Г.Цэрэннадмид нар шийдвэр гарган томилж байв.

Намайг Дорнод аймаг дахь хэлтсийн орлогч, группын даргаар томилсон. Манай тагнуулын группын гүйцэтгэх үүрэг, алба, арга хэмжээ нь нууц байдаг болохоор тэр бүрийг тодорхой дурдах боломжгүй л дээ.

-Зэвсэгт хүчний 186 дугаар ангитай хэрхэн холбогдсон бэ ?

-1978 оны намрын нэг өдөр НАХЯ-ны I орлогч сайд, УАХЕГ-ын дарга, хошууч генерал П.Дэчин “ВЧ" холбоогоор гэнэт холбогдож, “Эрдэнэтийн үйлдвэр байгүулагдсан. Тэнд улсын онц чухал объектыг хамгаалах тасаг байгуулах шаардлагатай. Тиймээс орос хэл сайн мэддэг дарга хэрэгтэй байна. Чи нутаг дөхнө гээд байсан, очих уу? гэхэд нь уухайн тас, тэгье гэлгүй яах билээ.

Тэр үед НАХХ-ийн хувьд дарга нар нь өөрчлөгдөж, гурав дахь даргынхаа нүүрийг үзсэн байв. Хэлтсийн удирдлага бүтэц, зохион байгуулалтад таатай бус хандаж байсан.

Тийм учраас яам, командлалын шийдвэр гарч намайг Ардын армийн 186 дугаар нэгтгэлийн тусгай хэлтсийн даргаар томилж, хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Ж.Бат-Очирыг миний оронд тусгаи тасгийн даргаар томилсон юм. Энэ нь намайг албан тушаал дэвшүүлэх, ёс суртахууны зөрчил гаргасан Ж.Бат-Очирыг албан тушаал бууруулсан юм байж.

Энэ албан тушаалд өөрөө цэргийн алба хаагч, тусгай хэлтэст ажиллаж байсан болохоор дуртай очиж байсан даа. Нэгтгэлийн захирагчаар хурандаа Д.Рэнцэннацаг, штабын даргаар хурандаа Д.Гомбоо нарын ажлаа мэддэг нэртэй дарга нар ажиллаж байлаа.

Тусгай хэлтсийн дарга нь нэгтгэлийн захирагчийн зөвлөлийн бүрэлдэхүүнд зүй ёсоор орж, удирдлага, зохион байгуулалтын болон Цэргийн хэргийн удирдах арга хэмжээнд бүрэн эрхтэй оролцдог байв. 1988 оны 5 дугаар сарын 5-нд 33 жил, 7 сар алба хаагаад 53 насандаа тэтгэвэрт гарснаас хойш Эрдэнэтийн иргэн болж амьдарсаар байна даа.

-Одоо хамгийн сонирхолтой зүйлээ асууя. Та хугацаат цэргийн алба хаагч байхдаа Герман улсад хөл тавьсан гэдэг. Энэ нь ямар учиртай билээ?

-1956 оны 7 дугаар сарын дундуур Зайсанд баригдаж байсан ХААДС-ийн барилга дээр ажиллахаар анги бүрэлдэхүүнээрээ гарлаа. Нэг өдөр ротын дарга, ахмад Т.Туваанжав намайг дуудаж “БНАГУ-д мал хүргэх ажилд нэг хүн явуул гэсэн. Би чамайг томиллоо” гэв.

Цэрэг хүний ёсоор “Мэдээ, гүйцэтгэе” гээд л гарсан. Маргааш нь яаман дээр очвол маш олон хүн цугларсан байсан. Тэр үед хоёр яам хамт байсан учир нэг хэсэг нь хугацаат цэрэг, нөгөө хэсэг нь цагдаа, гал сөнөөгч, хянагч зэрэг ажил хийдэг хүмүүс байв. Өглөө цуглаж, орой тарсаар бараг сар гаруй болсон байх. Тэр хугацаанд бидэнд аяны хангалт гэж цэрэг шинэ хувцас, хөнжил, гудас, орны цагаан хэрэглэл өгсөн байлаа.

Тийн бэлтгэлээ хангаж байгаад нэг өдөр машинд суулгаад гарч өгсөн. Замдаа Хараа голын эрэг орчимд хоноглоод маргааш нь төмөр замын өртөөнд ирсэн нь Дархан хот байжээ. Тэнд малаа хүлээн авч вагонд ачсан. 300-аад хонь, 5 тэмээ, 5 сарлаг гэж ярьж байсан ч тэмээ, сарлагийнх нь барааг олж хараагүй. Тэр малыг бэлэглэсэн үү, худалдсан уу, мэдэхгүй.

Ачааны вагоныг хоёр цуваа болгон Аюулаас хамгаалахынхан нэг цуваа, Ардын армийнхан нөгөө цуваа нь болж явсан юмдаг. Нэг цэрэгт 50 хонь ноогдож, хоёр талдаа 25-аар нь хашаад дунд нь явдаг байв. ХААЯ-ны орлогч сайд Гүнтэвсүрэн, НАХЯ-ны хурандаа Намжил, Ардын армийн хошууч Сэрдамба, дээр нь малын эмч, тогооч, үйлчлэгч нарын бүрэлдэхүүн явсан юм. Ийм байдлаар холын аялалдаа гарч байлаа.

-Зам зуурт бэрхшээл тохиолдож байв уу?

-Эхний өдөр хонь үргээд хоёр буланд бөөгнөрөөд байсан. Аажмаар дасдаг юм билээ. Ус таарсан газар хувингаар ус зөөж малаа услана. Москва хүртэл бараг 20 гаруй хоног явсан байх. Сэрдамба дарга 5 рубль өгнө. Түүгээр талх, молоко авч халуун усаар даруулаад л явна.

Тэр үед элчин сайдаар Ж.Лхагвасүрэн жанжин ажиллаж байсан юм. Москвагаас цааш хоёр хоног яваад Польшийн хил, Одер мөрөнд очсон. Өргөн төмөр зам нь дууссан учир Германууд Польшийн хил дээр малаа хүлээж авсан.

Мал хүлээлцэж байхад нэг хонь үхсэн байв. Бид замын хажууд өвчиж, гал түлэн, төмөр хувиндаа махыг нь чанаж идээд бөөн баяр болж байсан сан. Хэдийгээр хонь үхсэн ч тоо нь дутаагүй. Яагаад гэвэл, хэд хэдэн хонь замдаа хургалсан юм.

-Герман оронтой хэр зэрэг танилцсан бэ?

-Тэд хонио хүлээн авч дуусаад, бидний эд хогшлыг жижиг чиргүүлд ачиж, автобусны араас чирээд явсан. Шөнө дөл болсон хойно нэг газар ирсэн. Тэнд нэгдүгээр цуврааныхан ирчихсэн байсан. Биднийг тохилог байранд байрлуулж, усанд оруулж, шинэ хувцсыг маань өмсүүлсэн.

Маргааш нь хотоор аялуулж, сонин хачин их зүйлийг үзсэн дээ. Цэргийн сургууль, цэргийн ангийн байранд л хонуулдаг байв. Биднийг бүтэн сар байлгана гэж байсан ч 10 гаруй хоноод гэнэт буцах болсон.

Учир нь Унгар Улсад үймээн самуун дэгдсэн юм билээ. Москвад хоёр хоноод Улаанбаатартаа ирэхэд Октябрийн хувьсгалын өдөр тохиосон билээ.

Эх сурвалж: “Соёмбо” сонин