sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-АН, МАН, МАХН-МҮАН хамтран Засгийн газар байгуулж байна. Ингэж бүгдээрээ хамтрах нь улс орныг өнөөдрийн эдийн засгийн хүнд байдлаас гаргана гэж яриад байгаа. Та яаж харж байна вэ?

-Би итгэхгүй байна. Энэ засаг бол өмнөх МАНАН-гийн нэг хувилбар. Эдийн засгийг өөд татах тухайд энэ Засгийн газар хэдхэн тодорхой алхам хийх гэж байна. “Оюу толгой”, “Таван толгойг” зарах нь. Засгийн газрын өрийн босгыг нэмээгүй ч хувийн компаниудад Засгийн газраас баталгаа гаргаж өгөх болж байна.

Мэдээж Засгийн газрын өр нэмэгдэхгүй ч улсын өр нэмэгдэнэ. Одоо ч манай улсын өрийн гуравны хоёр нь хувийнхны өр, үлдсэн нь Засгийн газрын өр. Хэдхэн том компанид Засгийн газар өрийн баталгаа гаргаж өгөөд тэднээр дамжуулж зээл авна.

Тэр нь мэдээж уул уурхайтай холбоотой компаниуд, банкныхан л байна шүү дээ. Тэдний асуудлыг л шийдэх гэж байна. Байгаа нөхцөл байдал нь бахь байдгаараа, олсон мөнгөө тэрүүхэндээ эргэлдүүлээд, төсвөө хэдхэн том компанийн өрийн барьцаанд тавьчихаар босч чадахгүй.

Манай эдийн засгийн цусны эргэлт банкуудад очоод бөглөрчихдөг юм. Систем энэ бөглөөсийг гаргаж чадахгүй байгаа учраас тэрүүхэн тэндээ цус нь нөжрөөд, хөл гар нь хөрөөд хөшчихсөн өвчтэй хүн шиг эдийн засагтай байгаа юм.

Засгийн газар өрийн баталгаа гаргаснаа өр биш зүтгэнэ гэдэг жаахан хүүхэд нүдээ аньчихаад бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил инээдэмтэй л хэрэг болж байгаа юм даа.  Одоо МАНАН-гийн олигархиудаа тэтгэсэн, тэдэнд үйлчилдэг эдийн засгийг л эндээс харж болно. Өөр юу ч хүлээх хэрэггүй, эдийн засаг улам бүр олигархжина.

-Засгийн газрын бүтэц ойлгомжтой боллоо. Бүрэлдэхүүнд нь орж ажиллах сайд нар тодорхой болчихлоо. Хэр нүдээ олсон гэж бодож байгаа вэ?

-Ерөнхийдөө хийх ажлыг нь сая хэллээ, түүндээ хэрэгтэй гэж үзсэн хүмүүсээ л сонгож авлаа. Гэхдээ энд тэнд нь гоёл чимэг наахаа наадуул чинь андахгүй л дээ.

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын үйл ажиллагаа бараг шөнийн 1.00 цаг хүртэл үргэлжиллээ. Та нэлээд бухимдалтай байсан. Гэхдээ бүлгийнхээ асуудлыг тэнд тавих шаардлага байсан уу гэж шүүмжлэх хүмүүс байлаа...

-Энэ бол Монгол Улсын их хурал. Энэ дотор болж байгаа бүхнийг мэдэх эрх олон нийтэд бий. Ингэснээрээ Монголын төр хэрхэн ялзарч дуусч байгааг, зайлшгүй өөрчлөх шаардлагатайг мэдэж, үүний төлөө юу хэрэгтэй талаар хэлэлцүүлэг нийгэмд өрнөөсэй гэж хүсч байсан.

Эцсийн дүндээ нийгэм ч Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаагүй гэдгийг олж мэдвэл энэ зовлонт үеийг хурдан гэтлэхэд нэмэртэй болов уу гэж бодох юм. Бүлгүүдэд байгаа талцал хуваагдал, зовлон ч бас л Монголын зовлон. Энэ бүхнийг анатомоор нь мэдэж байж зөв шийдэл олно шүү дээ.

-Шөнө дөлөөр хуралддаг дүрэм журмын талаар та асуусан. Гэхдээ Шударга ёс эвслийн бүлгээс болж чуулган орой хуралдахдаа хүрсэн гэлцэж байгаа...

-Хэнээс нь ч болсон юм, бүү мэд. Бүлэг юу байхав, МАХН өөртөө оногдсон сайд нараа томилох гээд л удсан бололтой юм.

-Парламентад суудалтай намууд эвсээд, хамтдаа улс орноо аваад явъя гэж байхад ганцаараа утоп зүйл ярих нь онцгүй байна гэж таныг дүгнэх хүмүүс ч байна...

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийж улс төрөө цэгцлээд улс орноо зөвөөр цааш авч явах тухай миний яриа тийм үл гүйцэлдэх мөрөөдөл үү, одоогийнхоо энэ байдлаар явсаар цэнгэлийн манлайд хүрнэ гэж итгэх нь үл гүйцэлдэх мөрөөдөл үү?

Та юу гэж бодож байна. Би ямар ч утоп юм яриагүй. Бодит байдлыг хэлсэн, бодит гарцыг санал болгож байгаа. Одоо тэгээд хамтраад улс орныг хааш нь чирэхийг харцгаая л даа. Би бол буруу гэдгийг нь хэлж өөрөөс шалтгаалах бүхнээ л хийлээ.

-Үнэндээ таны чуулган дээр үг хэлсэн үйлдлийг популизм хийж байна гэдэг утгаар харах хүмүүс байсан. Та юу хэлэх вэ?

-Популизм гэдэг үг л чөтгөр дарах тарни нь болж дээ. Зарим нь энэ үгээ ч сайн мэдэхгүй, аягүй бол популизм гэдэг нь нэг иймэрхүү жижигхэн шар чөтгөрийг хэлдэг гэж боддог болсон бололтой. Би популизм биш бодит байдлыг ярьдаг.

Харин манайхан өөрсдөө амьдралаас тасарчихаад миний ярьж байгааг популизм гэж бодоод байна. Энэ виртуаль сэтгэлгээ дээрээсээ доороо хүртэл, ялангуяа цахим орчинд түгээмэл байна. Монголд хоёр өөр ертөнц зэрэгцэн оршиж байгаа ч нэгнээ мэдэхгүй байна. Нэг дэх нь миний хэлдэг баруун зүүн дөрвөн зам, ордон-зайсан гэсэн тойрог, энэ тойрогт виртуал сэтгэлгээ ноёлсон, нөгөөх нь бодат ертөнц түүнийг бүслээд оршиж байгаа шүү.

Эмнэлгээр яваад шалан дээр хүүхдээ тэврээд хэвтэж байгаа ээжүүдийг харсан хүн энэрэнгүй нийгэм амжилттай байгуулж байна гэж итгэх үү? Цэцэрлэгээр орвол, захын хорооллоор явж үзвэл, сургуулиар орж үзсэн хүнд энэ нийгэм хүмүүнлэг санагдах уу? Энэ чуулганы хуралдааныг цаг алгасалгүй үзсэн хүмүүс ардчилсан нийгэмд байгаа гэж ойлгох болж байна уу? Ийм орчинд миний хэлж байгаа бүхэн популизм биш бодит байдал юм байна гэдгийг тэд биш ч олон нийт ойлгож байгаа.

25 жилийн эрх чөлөө, хүмүүнлэг нийгэм, энэрэнгүй нийгэм, ардчиллын тухай популизм нь “хий үзэгдэл” болох нь батлагдаж, ирээдүй нь харагдахгүй, өтгөн мананд төөрөлдсөн өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийгойлго.

МАНАН-гийнхан манан дотроо гэрэл гэгээтэй амьдарч байна гэж бодож байна. Харин би МАНАН-тай байна л гэж байгаа шүү дээ. Нэгэнт бий болсон бодат байдлыг ярьж, гарах гарцыг санал болгоод, хамтарч хийе гэж байгаа хүнийг ойлгохгүй, буруу цоллоод байна.

Оноо авах гэж энэ бүхнийг яриагүй, бусдыг өөрсөд шигээ бодох хэрэггүй л дээ. Би хуурч санал авдаг тэдэнтэй адил хүн биш. Шийдэл гарцаа олоод, гацаа Үндсэн хуульд байна шүү гэдгийг байнга хэлж байгаа.

Энэ бол популизм бүүр ч биш. Харин ч сүүлийн үед улам олон хүн энэ гацааг олж харж байх шиг байна, С.Баяр ч гэсэн ярилцлагадаа хэлж л байна билээ. Энэ маш сайн хэрэг.

-Та ЗГХЭГ-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтыг эсэргүүцэж байх шиг байна. Гэхдээ Н.Алтанхуяг огцорч, оронд нь Ч.Сайханбилэг боллоо л бол С.Баярцогт нарын хүмүүс засагт орж ирэх нь тодорхой байсан байх. Тэгэхээр С.Баярцогтыг эсэргүүцэх байсан бол яах гэж Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан юм бэ гэдэг асуулт танд ирэх байх...

-Эхлээд наадахиа Ерөнхийлөгчөөс асуух хэрэгтэй. Миний хувьд Н.Алтанхуягийг огцруулахаар Ч.Сайханбилэг болно гэж лав төлөвлөөгүй Харин Р.Амаржаргал болох гэж байсан санагдаж байна. Гэтэл парламентын бүлгийн гаргасан шийдвэрийг нам нь татаж аваад, ҮЗХ нь өөрчилсөн.

Энэ үед төрийн эрх мэдэл хаана байсан бэ. Тэгээд АН-ын парламентын гишүүд нь ясаа булаалгасан нохой шиг гаслан, сүүлээ хавчиж ирээд намын шийдвэрийг парламентад тулгасан.

Үр дүн нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэдэг “МХЗЭ-ийн сиамын ихэр”. Энэ миний зуурсан бантан биш шүү. Нөгөө ариун нандин ардчилсан Үндсэн хууль нь хаана байна. Нэг нам л уландаа гишгэж байна. Дараа нь МАН-ын бүлэг яг ийм байдлаар өөрсдөө МАНАН-тсан муу нэр дуулахаас айж бас л Бага хурлаараа эвсэх шийдвэр гаргуулсан.

Миний бүхий л үйлдэл одоо байгаа Үндсэн хуулийг мөрдөхгүй байгааг илчлэх, хэн ч тоохгүй тэр тусмаа өмчилдөг АН нь нулимдаг энэ Үндсэн хуулийг өөрчлөх замаар нийгмийг өөрчлөх ёстойг харуулахад чиглэсэн. Шинэчлэлийн Засгийн газар л гэсэн, юу шинэчлэв?, одоо шийдлийн Засгийн газар л гэнэ, юу шийдэх юм. Засгийн газрын нэр хоч нь хүртэл харин ч популист санагдахгүй байна гэж үү.

-Ер нь Ардын намаас сайдад нэр дэвшигчдийг та яаж харж байна. Үнэндээ өнгөрсөн 2012 оны сонгуул ийн дуулианаар Өвөрхангайн хоёр гэдэг нэр автлаа алдаршсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ороод ирлээ. Ардын нам тэдний гомдлыг ингэж л тайлж байх шиг байна...

-МАНАН-гийн л идэвхтнүүд гэж харж байна. Гомдлыг нь АН тайлж байгаа юм биш үү. Гишүүнийг чинь авчихсан учраас сайд бол гэж. Наад хоёр намыг чинь салгаж ойлгох ямар ч аргагүй болсон.

-Нөгөө талаар У.Хүрэлсүхийг сайд болгох гэж Ардын нам Засгийн газрыг огцруулсан ч юм шиг болчихлоо. Нөгөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явсан хүнийг эргээд сайд болгох нь хэр нийцтэй юм бол. Та юу хэлэх вэ?

-Одоо үйлчилж байгаа системээр нам, фракцаас хэн ч ямар ч арга замаар орж ирж сайд болох бололцоотой, тэр ёсоор л явж байна. Тийм л учраас Үндсэн хуулиа өөрчилье, төрөө зөв болгоё гээд байгаа юм. Нам, фракцын систем бол магадгүй хамгийн адгийн амьтныг ч төрийн толгойд гаргаж ирнэ.

Яг жинхэнээсээ Монголд нам байхгүй. Жишээ нь АН бол фракцуудын нэгдэл. Аль нэг фракцад орохгүйгээр жинхэнэ намын, үзэл санааны, үндэсний эрх ашгийг ярьж тэнд оршин тогтнох аргагүй.

Фракцдаа үнэнч байж, тэндээ нөхөрсөг байж чадвал л дараагийн сонгуульд тойргоо авч чадна, сайд болж болно, албан тушаалд очиж чадна. Хамгийн энгийн дүрэм. Хэн түүнийг гаргаж ирсэн, түүнд үнэнч байх адгуусны энгийн зарчим. Өнөөдөр З.Энхболдод, Ц.Элбэгдоржид гэх мэтээр хувь заяагаа, бооцоогоо энэ хүмүүст тавьсан хүмүүс л байгаа.

Нөгөө талаасаа тойрсон хүмүүсийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй бол дээрх нь бас яг Н.Алтанхуяг шиг тасчуулна л гэсэн үг. Ийм л намууд төр барьж байна даа. Тийм л учраас дахиад Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьцгаая.

У.Хүрэлсүхийн тухайд фракцгүй гэж бахархдаг МАН-ын “Зүүний хүчний холбоо” гэдэг фракц хүчтэйг харуулж байна. Гэхдэа ялаагүй, МАН, АН-ын фракц гэж байхгүй, харин МАНАН-гийн фракц гэвэл оновчтой.

-Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандах хүмүүс нэр дэвшигчид дунд байгаа. Гэлээ ч тэдпийг нэгэнт дэмжээд томилоод явах нь тодорхой болж байх шиг байна. Энэ тохиолдолд таны хувьд цаашид ямар байр суурь баримталж явах бол?

-“Шударга ёс” нь хүртэл МАНАН-д идүүлчихлээ. “Шударга ёс” гэдэг нэрийг манай бүлгийнхэнд хамаатуулж хэлэхэд хэл эвлэхгүй болов. Одоо юу хэрэгтэй вэ, хяналт л хэрэгтэй. Хяналт талд нь ажиллана. Гэхдээ би энэ улайрсан үйл явцыг зогсоож хүчрэхгүй байж магадгүй, харин илчилж чадна.

-Магадгүй “Шударга ёс” эвслээсээ гарах хэмжээнд хүрч магадгүй ч болчихсон юм шиг хандлага танаас сүүлийн үед харагдах боллоо?

-Гарах бол хамгийн амархан. Зөвөөр шийдэх үүргийг амлалтаараа хүлээсэн хэд хэдэн чухал асуудал эвсэлд бий. Эхнээсээ эхэлж байна, одоо Оюутолгойн асуудал юу юугүй ороод ирлээ. Хэрэв Оюу толгойн асуудлаар амлалтынхаа эсрэг ажиллавал эвсэл хий үзэгдэл болно. Намайг гарахаас урьдаад Шударга ёс байхгүй болчихоод байнаа, наана чинь.

-Шударга ёс эвслийн бүлэг дотооддоо үл ойлголцол ихтэй байгаа гэсэн. Чухам ямар асуудал байгаа юм бэ?

-Дотооддоо их сайхан ойлголцолтой эвийн цавуу шиг нам эвсэл энэ парламентад бас байна уу.

-Танай эвслээс сайдад нэр дэвшсэн гурван хүний талаар ямар байр суурьтай байна. Үнэхээр хариуцсан салбартаа сэтгэлд хүртэл ажиллаж чадах болов уу?

-Удахгүй харуулах биз дээ, надад одоо хэлэх зүйл алга.

-“Шударга ёс” эвсэл М.Энхсайханаас гадна хоёр сайдаа нэр дэвшүүлэх гэж бөөн юм болсон тухай сураг сонсогдох юм. Бүгд л албан тушаалын төлөө зүтгээд, зарим нь уйлж дуулсан тухай ч жиг жуг бий. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-М.Энхсайхан даргыг МҮАН-ын дийлэнх олонх дэмжиж нэр дэвшүүлсэн, МАХН-ын тухайд нэр дэвшигчдээ яаж гаргаж ирснийг мэдэхгүй юм.

-М.Энхсайхан даргын хувьд томоохон төслүүдийг хариуцан ажиллахаар болж байна. Таны шүүмжлэлтэй хандаад байдаг “Оюу толгой”, “Таван толгой” төслийг сайжруулах болов уу?

-Одоогоор М.Энхсайхан дарга хуулиар юу хийх нь тодорхойгүй, ямар ч эрх мэдэлгүй байна. Төсөвгүй, аппаратгүй, оффисгүй, тамгагүй. Мантуун бууз гэж бодсон чинь мантуу авчих шиг л боллоо.

Ер нь бол энэ үйл явц нэг хүнээс шалтгаалахаасаа өнгөрсөн. Тэгээд ч М.Энхсайхан дарга Ерөнхий сайд болоогүй учраас юу ч өөрчлөхгүй л болов уу. Оюутолгойг чадвал сайжруулаасай, чадахгүй бол хийх нүгэлд нь битгий оролцоосой л гэж бодож байна. Муу үйлийн баг болох хэрэггүй бизээ.

-Танай бүлгийн дарга яамгүй сайд бий болгох гэлээ гээд шүүмжлээд байсан. Гэтэл бүр МҮАН-ын даргыг яамгүй сайд болгочихлоо?

-Энэ Засгийн газар ч зүйрлэвэл нэг хуйцайрхуу л юм юмны холимог маягтай болчих шиг боллоо. Ингэвэл дагуулж өгдөг талх, мантуу нь манай дарга бололтой юм уу даа.

-Эцэст нь асуухад ямар ч байлаа гэсэн шинээр бүрдэх шийдлийн гэж нэрлээд байгаа эвслийн Засгийн газар бүрдчихлээ. Үлдсэн хоёр жилийн хугацаанд яаж ажиллаасай гэж хүсч байна вэ?

-“Оюу толгой”, “Таван толгой”-г битгий тавиад туучихаасай гэж чин сэтгэлээсээ залбирч сууна, харин тэнгэр миний энэ залбирлыгэнэ манан, хэрүүл дундаас харж, сонсохгүй байх шиг байна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ орж улс төрийн гацаанаас гарах ажлаа шуурхай эхпээсэй гэж бодож байна.

Я.Мөнгөнцэцэг

Эх сурвалж:

 

УИХ-ын гишүүн Г.Уянгын  албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.