sonin.mn

Сэтгүүлч Ухнаагийн Оргилмаагийн ташаа мэдээлэлд өчих нь


Ах нь Монголын сэтгүүлзүйн салбарт бараг 30 шахам жилийг туулчихсан санагдлаа. Цаг хугацаа гэдэг яасан ч их хурдтайгаар бууж мордох энэхэн хорвоогийн жам ёсыг шуурхайлан товчилж, хатируулан туулж өнгөрдгийг миний дүү ахдаа бас дахин сэрээж сануулсан байна.


Чиний сэтгэл санаандаа тунгаан байж, найз нөхөдтэйгөө зөвлөлдөн мэдээллийн эх сурвалжаа түүвэрлэн цэгнэж, хариуцлагатай чухал чухал албан тушаалтнуудын амнаас гарсан бүхнийг шүүрдэн авч батлагаатай хэмээн оюун ухаандаа үнэлэн цэгнэж бичсэн гэдэгт муу буурал ах нь ойлгож тунгаалгүй яахав.
Гэхдээ МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Мянганбуугийн Наранбаатар ахыг нь “Зайл” хэмээн хөөгөөгүй. Би хөөгдөөгүй. Хөөгдөхөөр муу юм бас хийгээгүй. Миний дүү М.Наранбаатарыг гүтгэж харин муу ахыгаа доромжилсоны учир начрыг нь дүүдээ өчиг болгон энэхүү хэдэн үгийг арга буюу холбож бие сэтгэлээ чилээхээс өөр аргагүй болсныг эрхэм дүү тунгаан соёрхон болгооно биз ээ.


Таны бичсэн энэхүү ноцтой мэдээлэл өдөр тутмын сонинд төдийгүй online –ээр хилийн чанадад аль хэдийнэ хүрчээ. Тэртээ холын АНУ-аас Япон орноос ах дүү нар чиний түгээсэн чимээг сонсчихжээ. МҮОНР-той харилцагч гадаадын радио өргөн нэвтрүүлгийн байгууллагуудаас МҮОНРТ-ийн хэд хэдэн захирлууд ажлаасаа халагдсан эсэхийг лавладаг боллоо. Сэтгүүлзүйн салбарынханы ч анхаарлыг ихэд татаж байх шиг байна. Улс төрчдийн чихийг бас дэлдийлгэж эхэллээ. МҮОНР-ийн хамт олон, манай ахмадууд хүртэл надруу утсаар ярьдаг болжээ. Өрөө тасалгаа бүхэнд радиогийн захирал хөөгджээ гэсэн яриа энэ долоо хоногийн ажлыг ихээхэн цалгардуулж байх шиг байна. Аргач үгүй биздээ.
МҮOНР хэмээх их айлын эрхэмсэг оршихуй өндөр дээд босгыг алхаж ороод ах нь хоёр дахь жилдээ алба хашихдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн түмэнд хандаж хэлснийг ямагт санаж ажилладаг гэхүү дээ.


Тэрбээр хэлэхдээ” Тав ч байна уу аравч байна уу та тэднийг удирдаж байгаа л бол дарга нь. Дарга гэдэг хүн хүнийг захирдаг, зандардаг, хөөж туудаг хүн нь биш ээ. Харин зовлогий нь үүрдэг, ажилд нь тусалдаг дэмжлэг үзүүлдэг сайн менежер нь байх ёстой” . МҮОНР-ийн хамт олны дунд ах нь гайгүй гэж хэлэгдэхээр менежер байх л гэж зүтгэж явна. Хөөгдөж туугддаг нь ах нь биш ээ. Хүмүүсээсээ баяр талархал хүлээж хөгшин залуугүй тэднийгээ хүндлэж хайрлаж явахыг хичээдэг л дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, зарим сайд нарын “шахаа”, “илгээгдсэн хүмүүс” хэмээх шинэ нэр томьёог сэтэгүүлзүйн хэллэгт та сэдэж оруулж ирлээ. МҮОНРТ- ийн нэр бүхий хэд хэдэн захирлуудын нэр төрийг гутаах зорилгыг илэрхий агуулсан төдийгүй радио телевизид албан үүрэгт ажлаа гүйцэтгэж чадалгүй ажлаасаа хөөгдөж байгаа мэтээр уншигчидад ойлгогдохоор бичсэн нь дэндүү худал ташаа дэгсдүүлсэн мэдээлэл болжээ миний дүүгийн нийтлэл. Сүржин нэртэй даржин агуулгатай, өнцөг зүүлтээ,баримт сэлтээ олж чадаагүй ийм жул хэрнээ бодит байдлаас зөрүүтэй, үнэнд нийцээгүй юмыг бичиж өөрийнхөө сайн нэрийг ингэж муутгахын хэрэг юунд байсан юм бол. Та чинь миний мэдэхээр сэтгүүлзүйн салбарт бас л арав гаруй жил ажилласан хэр баргийн юмыг тунгаахаар хашир суусан санагдах юм.


Энэхүү нийтлэлд \төрийн дээд удирдлагын нэр төрийг давхар гутаах,муу санаа агуулсан нь ч хэн хүнд ойлгогдохоор байна. Таны нийтлэлд бичсэнээр МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, ОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир нарын зүгээс Ерөнхий захирал М.Наранбаатарын эсрэг “галлах” ээлжит гал гэгчийг эхлээгүй нээгээгүй. Танд ойлгуулсан тэр ээлжит “Гал” гэдэг чинь Ардын элч кинонд гардаг шиг цагааны офицерийн “Еэ чааваас даа тэр Галсан мээрэн гэдэг чинь шал хөгшин чавганц байхгүй” гэдгийг санагдууллаа.


Манай зарим нэгэн сэтгүүлчид ингэж сэтгүүлзүйн нэр хүндийг гутаах ч гэж дээ хэмээн ах нь харамсаж суудаг нэгэн . Гэтэл туршлагатай гэхээр та л ингэж ташаарсныг бодоод гайхширч сууна. Таныг ингэлээ гээд ах нь шүүх цагдаад дуудахгүй ээ. Би өөрөө хэвлэл мэдээллийн консул байгуулахын төлөө санаж явдаг нэгэн сэтгүүлч. Парламентын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулахад гар бие оролцож явсан гэхүү дээ. Энэ холбооны удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай нэгэн шүү дээ ах нь. Сэтгүүлчийг шүүхэд дууддаг, дуудагддаг зовлонг олонч удаа амссан юм шүү дээ. Төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан гэмт этгээд гэхээр луйварчин төрхтэй этгээдүүдийн талаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр 190 шахам нийтлэл бичиж үнэний шүүхийн хаалгыг 12 удаа татаж, Монгол улсын нэрийн өмнөөс сэтгүүлч Л.Цэрэн-Очир нь хүний нэр төрийг гутаагаагүй байна гэсэн тогтоол сонсож, айдас хүйтсээс салж, гудамжинд гарч эрүүл агаар амьсгалах шиг хорвоогийн тэр л сайхныг бие сэтгэлээрээ миний дуу ах шигээ бас амсч үзсэн байлгүй. Таны энэ нийтлэл шинэ тутам сэтгүүлч, сурвалжлагчаар ажиллаж байгаа залуучуудад, мөн сэтгүүлч болохоор зориг шулуудсан оюутан охид, хөвгүүдэд мэдээллийн олон талын эх сурвалжийг олж харьцуулах ёстой гэдэгт их л сургамжтай нь авууштай сайн талтай.


Үнэн бодит байдалд МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг “Ви Эс Эм гэх нэртэй хувийн ХХКомпанид бүрэн шилжүүлэн online хэлбэрээр борлуулалт хийлгэхээр хууль бус гэрээ хийж, олсон орлогыг 70:30 харьцаагаар хувааж авахаар зүтгэж байгаа М.Наранбаатарыг гэмт үйлдлээс хамгаалах сэрэмжлүүлэх зорилгоор телевизийн захирал Б.Энхтуяа, МҮОНР-ийн захирал миний бие тэрхүү гэрээ хийхийг зөвшөөрөөгүйн төлөө М.Наранбаатар ерөнхий захирал маань Б.Энхтуяа захирлыг эх хүний хувьд, салбар хариуцсан захирлын хувьд байж боломгүй дэндүү бүдүүлгээр доромжлон гутаасан төдийгүй хөөж туусан дарамталсан, хаалга үүдийг нь өшигчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон юм шүү дээ.


Харин Б.Энхтуяа захирал маш их тэвчээртэй хүн юм байна. Хэлсэн ярьсан бүхэн нь үнэнд нийцнэ. Хэн нэгнийг дагаж зусардаж, зулгуйдахгүй. Ая тал засч долгинохгүй. Асуудалд илэн далангүй шуудхан шударгаар хэлчих нь. Хариуцлагатай маш зарчимч эмэгтэй. Хууль дүрэм журмыг баримталдаг ийм шинэ харилцааг, хүлээж авах сэтгэлзүйн чадамж манайд алга байна л даа. Үүнийг та бас олж хараагүй байна.


МҮОНРТ-ийн тухай хуулийн 10.2 дахь заалт: ” МҮОНРТ-ийн архив нь Үндэсний төв архивын салбар бөгөөд уг архивт архивын баримтыг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалттай. МҮОНРТ-ийн архив бүхэлдээ төрийн өмч. Төрийн өмчийг захиран зарцуулах эрх нь олон нийтийн өмч бүхий МҮОНРТ-ийн удирдлагад хуулиар олгогдоогүй. Хуулиар олгогдоогүй эрх эдлэнэ гэдэг өөрөө гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг. Радио, телевизийн салбарын хариуцсан захирлуудын саналыг харгалзахгүйгээр дур зоргоороо авирлах, хэлж ярьсан зөвлөмжийг харгалзалгүй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэргүйгээр байгууллагын олон сая төгрөгийн алтан сан хөмрөгийг худалдаалан борлуулах эрх энэ байгууллагад хуулиар олгогдоогүй. Хууль сахиулах гэж л бид шаардлага тавьсаныг та М.Наранбаатарын эсрэг ээлжит гал нээсэн гэж нэр бүхий л захирлуудыг гүтгэсэн байна.
Төрийн соёрхолт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн МҮОНР-ийн ахмад ажилтан Зундуйн Дорж гуай МҮОНРТ-ийнн ерөнхий захирал М.Наранбаатар түүний ах дүү төрөл төрсөдтэй нэр холбож, өмч хөрөнгө идэж ашигласан гэмт хэргийн шинжтэй нийтлэлийг удаа дараа бичиж олны сонорт хүргэж байгаад няцаалт өгөх санаатай энэхүү “ М.Наранбаатар биш МҮОНТ-д илгээгдсэн хүмүүс, монгол контент бэлтгүүлэх таван тэрбум төгрөг маш сонин байна” нийтлэлийг та хэний санаачлагаар бичиж түгээснийг бид мэдэхгүй. Мэдэх ч шаардлага алга. Мэдсэнч тоох хэрэггүй зүйл.


Таны оронд мэргэшсэн чадварлаг сэтгүүлч байсан бол З.Дорж гуайн “ Идэмхий уумхай зальт этгээдүүдийг жигшин тэмдэглэсүгэй” гэсэн нийтлэлд дурьдагдаад байгаа М.Наранбаатарын ах дүү төрөл төрөгсөд, МҮОНРТ-ийн харуул хамгаалалтын алба, Сонгино хайрхан дүүрэг дахь барилга гэгч гээд юу яриад буйг дахин давхар нягтлах байсан болов уу. Нас ахихад намба суудаг гэгчээр ах нь Захирлуудын зөвлөлд гар нийлэмжтэй байх, санал ойлголцолын зөрүүтэй харилцааны асуудалд залуучуудад зөвлөх санаатай хаяа нэг үг хэлчихдэг. Хүлээж авах эсэх нь тэдний мэдлийнх. З.Дорж гуайн нийтлэлд няцаалт өгөх, МҮОНРТ-ийн нэр хүндэт сөрөг мэдээлэл болоод байгаа юм биш үү, хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулах хэрэгтэйн тухай нэр бүхий захирлууд нэг бус удаа Ерөнхий захирал М.Наранбаатарт хэлж байсан санагдлаа. Харин өнөөдөр З.Дорж гуайн нийтлэлд сэтгүүлч бүсгүй анх удаагаа няцаалт хийлээ. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр. Танай нийтлэлийн мөрөөр З.Дорж гуайн нийтлэлд няцаалт өгөгдөхгүй.


Харин М.Наранбаатар үнэний шүүхэд хандаж, худал ташаа бол гавьяат З.Дорж гуай ял сонсож, М.Наранбаатарын нэр төр сэргээгдэнэ. Өдрийн сонины 2014. 11. 27 № 284 дугаарт Л.Лха-Очир нэрийн дор  Сэтгүүлч Ухнаагийн Оргилмаа таны нийтлэл бүхэлдээ хуулбарлагдан олны хүртээл болжээ. Монголын сэтгүүлзүйн салбар эрүүл саруул байж, захиалгат хар мөнгөний урсгалд хэн нэгний гар хөлд ташуур бүү болоосой. Ташаа мэдээлэл түгсээр байгаа тул сэтгүүлч бүсгүй танд энэхүү хариу өчиг илгээлээ. Хэрхэхийг таны мэргэн ухаан мэдтүгэй. Хэвлэл мэдээллийнхэн тунгаацаах байх. Судлаачид багш эрдэмтэд сэтгүүлзүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад энэхүү нийтлэлийн мөрөөр ярилцлага хийх нь дамжиггүй. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр нээлттэй хичээл заавал миний бие очиж оролцоход үгүй гэх зүйлгүй болно.


МҮОНР-ийн захирал сэтгүүлч Л.Цэрэн-Очир