sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Баруун Африкт “Эбола” халдварт өвчинтэй тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудад хамгаалалтын 700 мянган хувцас илгээхээр Япон амласан гэж тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Йошихиде Суга өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Өмнө нь Япон улс буцалтгүй тусламжийг иргэний нисэх онгоцоор хүргэсэн бол энэ удаад хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд өөрийгөө батлан хамгаалах хүчний нисэх онгоцоор хүмүүнлэгийн тусламжийг хүргэнэ гэж тэрбээр мэдэгдэв.

Либери, Сьерра Леон, Гвиней, Малид хүргэх хамгаалалтын 700 мянган хувцсыг уг нисэх онгоцоор тээвэрлэнэ. “Эбола”-д яаралтай хариу арга хэмжээ авах НҮБ-ын баг байрлаж байгаа Гана улсын нийслэл Аккра хотод хүргэх ачааны хэсгийг мөн онгоцоор хүргэнэ гэж Суга мэдэгджээ.

Тэрбээр, хүмүүнлэгийн тусламж яг хэзээ хүргэгдэхийг хараахан товлоогүй гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар, одоогийн байдлаар “Эбола”-гийн халдварын улмаас 5700 хүн амиа алдаж, 16 мянган хүн халдвар авсан байна.

Баруун Африкийн Либери, Сьерра-Леон, Гвинейд уг вирус хамгийн их тархсан бөгөөд тархалт өдийг хүртэл намжих төлөвгүй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: