sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-д “хар баасан гараг” эхэлж, олон сая хүн зад хямдрал зарласан дэлгүүрүүдийг зорьж байнаэ.

Америкт зул сарын худалдаа уламжлал ёсоор “хар баасан гараг”-аас эхэлдэг байна. Энэ өдөр дэлгүүрүүд шөнө дунд эсвэл бүр өглөө эрт хаалгаа нээдэг ажээ. Энэ үеэр онцгой хямд үнээр бараа худалдан авах боломжийг алдахгүйн тулд асар олон худалдан авагч дэлгүүрүүдийн гадна хэдийн цугласан байдаг байна.

Арваннэгдүгээр сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэдэг Талархлын өдрийг хүмүүс лангууны ард бус харин гэр бүлээрээ баярын ширээний ард сууж тэмдэглэдэг байлгахын тулд урьд нь орон даяар бүх дэлгүүр хаалттай байдаг байжээ.

Гэвч цаг үе өөрчлөгдөж,  өрсөлдөгчөө гүйцэхийн тулд их дэлгүүрүүд жил ирэх тутам худалдаагаа аль болох эрт эхэлдэг болжээ. Тухайлбал, дэлхийн томоохон дэлгүүрүүдийн нэг “Macy's” их дэлгүүр пүрэв гарагийн өглөөний 6 цагт нээгдэж, шөнөжин ажиллах аж. “Toys R Us” тоглоомын дэлгүүр болон “Best Buy” гэр ахуй болон цахилгаан барааны сүлжээ дэлгүүр худалдан авагчдыг татахын тулд бүр нэг цагийн өмнө нээгдсэн байна.

АНУ-ын Жижиглэнгийн худалдааны холбооноос мэдээлснээр, энэ жил “хар баасан гараг” болон амралтын өдрүүдэд 140 гаруй сая хүн дэлгүүр хэснэ. Энэ өдрүүдэд тэд дунджаар 300 долларыг худалдан авалтад зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: