sonin.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.11.28/ үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал 92,6 хувийн саналаар дэмжигдсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүний дараа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,5 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.