sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа бүрдүүлэхээр парламентад суудалтай улс төрийн намуудад албан бичиг хүргүүлсэн. Удахгүй шийдлийн Засгийн газарт аль намын төлөөлөл орох нь тодорхой болно.

Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимаас “Бүх анхаарлаа эдийн засгийн бодлогод төвлөрүүлж, хувийн хэвшлийн аж ахуй нэгжээ дэмжинэ” гэдгээ мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайдын сэнтийд суумагцаа хүчний байгууллагын удирдлагуудыг солиход анхаарал хандуулж эхэллээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэн цагт“АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Шинэчлэлийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход дахин нэг“Сайханхуяг” гарч ирлээ гэж олон нийт шүүмжилж байв.

Тиймээс шинэ Ерөнхий сайдыг авлига, албан тушаал, тендерийн хэрэгт нэр холбогддог “Алтангадас”-ын улаан хамгаалагч болохвий гэсэн болгоомжлол хүн бүрт байсныг үгүйсгэх аргагүй. Түүний хүчний байгууллагад хийсэн томилгоо энэ хардлагыг улам дэвэргэв.

Уг нь АН-ынхан авлигатай тэмцэхээ мэдэгдэж олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн. Гэвч шинэ Ерөнхий сайд анхны илтгэлдээ авлигатай тэмцэх, гэмт хэргийг бууруулах талаар ганц үг ч ганхийгээгүй.

Манай улсын гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байна. Хэдийгээр салбарын сайд нь шинэчлэл хийж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн хугацаанд хангалттай зарласан ч гэмт хэргийн үзүүлэлт буурсангүй. Дээр нь авлигын хэргийн нөхөн төлөлт харьцангуй бага байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас 45.6 тэрбумын хохирол учирснаас 2.1 тэрбумыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбумын эд зүйлийг битүүмжилсэн гэсэн тоо баримт байна. АН-ын эерэг имиж болсон авлигатай тэмцэх ажлыг Ч.Сайханбилэг эдийн засгаас дутуугүй анхаарах цаг болжээ.

Ц.Тунгалаг

Эх сурвалж: