sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудад засагт хамтрах урилгаа явуулсан. Үүний дагуу УИХ-д суудалтай намууд түүнд“Хамтарч ажиллах боломжтой” гэсэн хариу өгөөд байгаа юм.

Гэхдээ МАН-ынхнаас бусад нь ийм хариу өгсөн. Харин МАН-ынхан өнгөрсөн хугацаанд уг асуудлыг бүлгээрээ хэлэлцсэн бөгөөд намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын гишүүдийнхээ байр суурийг ч мөн сонссон.

Харин өнөөдөр МАН-ыг засагт хамтрах эсэхийг эцэслэх Бага хурал болно. Тус хурал 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх бөгөөд Ч.Сайханбилэгийн“Шийдлийн” хэмээн нэрлээд байгаа Засгийн газарт хамтрах эсэхээ бултаараа хэлэлцэж шийдэх юм.

МАН-ын засагт хамтрах эсэх нь улс төрийн бусад нам төдийгүй олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАН-аас бусад улс төрийн хүчинтэй хамтарч засгаа бүрдүүлж байсан бол парламентад суудалтай намуудыг засагт урьсан нь ганцхан МАН-д хамаатай ойлголт ч гэж нэрлэж болмоор.

Хэдийгээр МАН засагт хамтрах бодолгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн ч “МАН ингэж гэдийж байхын оронд засагт хамтраад санаа оноогоо солилцоод явах нь улс эрх орны язгуур ашигт хэрэгтэй” гэх хүн олон бий.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг засаглалын хямрал руу шилжчихээд байгаа энэ хүнд үед намууд гэдийлгүйгээр засгаа байгуулж, дараагийн ажилдаа орох нь чухал гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.

Зарим иргэн“МАН тулхтай, туршлагатай улс төрийн хүчний хувьд засагт орж ажиллах хэрэгтэй” гэдгийг хэлж байгаа. Харин МАН-ын гишүүдийн дийлэнх нь засагт хамтрахыг дэмжиж байгаа юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг намын Бага хурлаар гаргах дүрэмтэй. Бага хурал 310 гаруй гишүүнтэй бөгөөд тэдгээрээс санал хурааснаар энэ асуудлыг эцэслэн шийднэ.

М.Өнөрөө

Эх сурвалж: