sonin.mn

Монголын парламентын түүхэнд Үндсэн хууль зөрчиж УИХ-ын даргаас огцорч байсан тохиолдол нэг биш удаа гарч байсан. Ц.Нямдорж хууль засварлаж огцорч байсан бол түүний араас З.Энхболд орж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулах тогтоолоороо УИХ-ын гишүүн, засгийн газар, ерөнхийлөгчийн хууль санаачлах Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд зарим иргэд хандаж радио тв -ээр ярилцлага өгч байгаа төдийгүй ардчилсан нам доторх Алтан гадас фракц энэ хөдөлгөөнд нэгдэж байгаа бололтой.

З.Энхболдын энэ үйлдэл нь Нямдоржийн үйлдэлтэй давхцаж байгаа учраас Үндсэн хуулийн цэц З.Энхболдыг хамгаалах ямарч гарцгүй байдалд орж байх шиг байна. Уул нь Н.Алтанхуяг өөрийг нь огцруулах санал хураалтын дүн гаран гартал З.Энхболдод найдан огцрохгүй гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан нь чуулган дээр хэлсэн үгнээс харагддаг.

Санал хураасанд З.Энхболдын удирдсан ардчилсан хүчний холбоо буюу шонхор фракцийнхнаа санал хураалтанд оролцуулаагүй нь санал хураалтын дүнд сөргөөр нөлөөлжээ. Санал хураалтын дүн гарсны дараа Н.Алтанхуяг нь З.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр цаагуураа гар барилцсаныг ойлгосон байна.

З.Энхболдыг өмч хөрөнгөтэй болгох, улс төрийн өндөр албан тушаалд очих замыг нь Н.Алтанхуяг тавьсан, тиймээс ч надаас урвахгүй гэж тооцоолж байсан. Түүний тооцоо буруу байжээ.

Харин Ц.Элбэгдоржийн хувьд Н.Алтанхуягтай тооцоо хийх хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн гол хоёр шалтгааны нэг нь 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах эвслийн засгийн газраас Н.Аптанхуягийг Алтангадас фракцаас ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн.

Гэтэл сонгуульд намынхаа эсрэг ажилласан Ц.Элбэгдорж МАН-ын дарга Н.Энхбаяр, Ц.Нямдорж нартай хуйвилдан гудамжнаас хоёрдахь удаагаа ерөнхий сайд болж хоёр удаа хугацаанаасаа өмнө огцорч байсан. Өөрийнх нь өмнүүр дайрч хуйвилдааны замаар ерөнхий сайд болсон Ц.Элбэгдорж, Н.Алтанхуягхоёрын нэг дэх зөрчил энэ.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан стандарт бус засгийн газар байгуулагдах тэр үед намын дарга байсан Ц.Элбэгдорж эвслийн засгийн газарт дор хаяж тэргүүн шадар сайд, магадгүй гуравдахь удаагаа ерөнхий сайд ч юм уу, УИХ-ын дарга болох боломж гарч ирсэн.

Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлыг далимдуулан “Алтан гадас" фракцынхан болон түүний удирдагч Н.Алтанхуяг нар эгзгийг нь дайруулан Ц.Элбэгдоржийг намын даргаас нь огцруулж Н.Алтанхуяг намын дарга болж улмаар С.Баярын стандарт бус засгийн газрын тэргүүн шадар сайд болсон нь хоёр дахь шалтгаан, энэ хоёр эрхмийн зөрчил улс төрийн тавцан дээр 1:1 харьцаатайгаар өнгөрсөн арван жилийг өнгөрөөсөн бол одоо 2:1-ийн харьцаатай болж Ц.Элбэгдорж З.Энхболдын дэмжлэгтэйгээр улс төрийн хор найруулалтыг хошуучилж явна.

З.Энхболдын Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэл гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзэх юм бол Ц.Нямдоржоос илүү аюултай шийдвэр гаргаж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засагт шууд аюул учруулахүйц үйлдэл боллоо.

З.Энхболдын Үндсэн хууль зөрчсөн гарцаагүй энэ үйлдлийг Үндсэн хуулийн цэц улс төрийн шийдэл битгий болгоосой гэж бодохоос өөр зам үлдсэнгүй.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин