sonin.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Нийслэлийн Багануур дүүрэгт 2014 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр олон нийтэд дэлгэн үзүүлж, монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекц зохион байгуулна. Уг үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-23-ны өдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж Нийслэлчүүдийн хүртээл болгосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ.

Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ.

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.