sonin.mn

СӨҮЛ. /Xinhua/. Удаан хугацаанд зогсонги байгаа урьдчилсан болзолгүй зургаан талын хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/ илэрхийлсний дараа Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан ОХУ-д гурван өдрийн айлчлал хийхээр болжээ.

Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ван Жүн-күк 12 дугаар сарын 1-3-ны хооронд Москвад айлчилж, ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Игорь Маргуловтой уулзана гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр дипломатч Солонгосын хойгийн байдлын талаар дүгнэлтээ хуваалцахын зэрэгцээ Умард Солонгосын цөмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх  асуудлыг хэлэлцэнэ. Солонгосын хойгийн асуудалтай холбоотой шинжээч болон албаны хүмүүстэй Ван уулзаж, Умард Солонгосын цөмийн асуудлаарх санал бодлоо харилцан солилцох ажээ.

Удаан хугацаанд зогсонги байгаа зургаан талын хэлэлцээ хийхэд БНАСАУ бэлэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэний дараа Ван Орост айлчлал хийхээр болжээ.

Хятад, БНАСАУ, АНУ, Өмнөд Солонгос, ОХУ, Япон улсын 2003 оны наймдугаар сард Бээжин хотод санаачилсан зургаан талын хэлэлцээ 2008 оны 12 дугаар сард мухардмал байдалд орсон билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: