sonin.mn

ТҮЦ машинаас олгож байгаа улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг нийслэлийн зургаан дүүргийн онлайн сүлжээнд холбосон 49 хороонд  нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан тус газар энэ сарын 18-ны өдөр хороонд улсын бүртгэгчээр ажиллаж байгаа зарим албан хаагчийг сургалтанд хамрууллаа.

Сургалтаар дамжуулан бүртгэгч нарт онлайн системд ажиллах мэдлэг, дадлага олгох, цахим системээс лавлагаа өгөх талаар болон иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөхөд сургалтын зорилго оршиж байгаа юм.

Нийслэлийн хороодод өмнө шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг  хийж байсан бол одоо  гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгодог. Тэгвэл хорооноос дан ганц эдгээр үйлчилгээг үзүүлээд зогсохгүй иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах зорилгоор ТҮЦ машинаас олгодог улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг шат дамжлагагүй хорооноос үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар дамжуулан олгодог байсан лавлагааг хорооноос олгох юм. Тодруулбал,  иргэд иргэний үнэмлэхийн лавлагаа,төрсний гэрчилгээний  лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа , гэрлэлтийн лавлагаа , гэрлэлт цуцласан тухай лавлагаа , гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа , эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа , хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа , хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа зэргийг шууд авах боломжтой болох юм.

Хорооны бүртгэгч нарт зориулсан дээрх  сургалтанд  Нийслэлийн улсын бүртгэлийн газрын болон 49 хорооны нийт 50 гаруй улсын бүртгэгч хамрагдлаа.