sonin.mn

Нэвтрүүлгээр тодорсон нүгэл

    “Монгол туургатны 100 эрхэм” гэдэг нэг “сайхан” нэвтрүүлэг олны анхаарал татдаг болоод удаж байна. Нийгэмд ёстой л тал бүрийн үйлчилгээ үзүүлж, олон янзын үүргийг гүйцэтгэж байгаа гэхэд хэлсдэхгүй.

Өнгөрсөн 7 хоногт л гэхэд /11 сарын 18-нд эхлэж гарсан/ МАХН-ын дарга Н.Энхбаярын талаархи дуулиан тарьсан нэвтрүүлгийг олон нийтэд хүргэлээ.

Өнөөгийн төр засаг гэж нэрлэгдэж буй “харанхуй мананцарын” төв дунд явсан хүний хамаг байдгийг нь уудлан яриулсан нь төр засгийн эрхэнд байсан, байгаа үл бүтэх этгээдүүдийн болон Н.Энхбаяр гэгч хүний өөрийнх нь бүр ой гутам увайгүй байдлыг, өнгө будаггүй үнэн төрхөөр нь таниулчихлаа.

    Н.Энхбаяр гэгч хүний Монголын төрд тарьсан балаг, гэм нүглийг нэвтрүүлгээс олж сонссон хэмжээгээрээ тоймловол

Н.Энхбаярын ярьснаар бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр хоёр үй зайгүй найзууд байсан бололтой юм. Ц.Элбэгдоржийг гэмт хэрэгт шийтгүүлэх гэж байхад нь Н.Энхбаяр Жасрай гуайн зөвлөснөөр шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс хутгалдан оролцож шийтгэлгүй гаргасан юм байна. Тэгээд ч зогсохгүй сүүлд нь Элбэгдоржийг нам нь ч хүлээж авахгүй гудамжинд лааз өшиглөж явахад нь өрөвдөж өөд нь татаад Ерөнхий сайд болгосон гэнэ. Бас Ц.Нямдоржийг гадаадын тагнуул учраас Хууль зүйн сайдад тавих биш шалгуулж шийдвэрлүүлэх хэрэгтэй юм гэсэн Н.Багабандийн зөвлөгөөг ч үл хэрэгсэн, “намайг итгээч” гээд Нямдорж өөрөөс нь гуйгаад байсан учраас л төрийн хууль, ёс зүй бүхнийг уландаа гишгэн хууль зүйн сайдаар тавьсан юм байна. Хэрэв өөрөөс нь Нямдорж гуйгаагүй бол яах ч юм билээ. Өөрөөр хэлбэл авлигачийн сэтгэл зүй эндээс харагдана.  

Бас Сү.Батболд гуйгаад байсан учраас л Тавантолгойг хэдэн этгээд хууль бусаар хуваан авсан луйврын хэргийг мэдээгүй дүр үзүүлэн өнгөрөөсөн юм байна. Өөрөөр хэлбэл луйварчид төрийн эрх мэдлийг ашиглан хулгай луйврын ажлаа явуулахад нь хаацайлан нөмөрлөж, бололцоо олгож байсан эзэн нь, хууль хяналтын байгууллага тийм хэргүүдийг үл хэрэгсдэг жишгийг тогтоосон эзэн нь Н.Энхбаяр юм байна.

Тэгээд энэ бүхнийгээ “би хүн таньдаггүйгээсээ болоод алдлаа” хэмээн хамаг бурууг бусдад тохож өөрөө “энхийн цагаан тагтаа” болон үлдэх шахав. Монголчууд хэзээнээсээ “хүнийг танья гэвэл нөхөрлөж яваа нөхдийг нь хар” гэж сургаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл хулгайч хүн хулгайчтайгаа л нөхөрлөдөг. Тиймээс хүн таньдаггүйдээ биш өөрөө новш болохоороо л үл бүтэх этгээдүүдийг цуглуулан Монголын төрийг булингартуулах хамаг муу муухай хэргүүдийг хийж иржээ.
Тухайлбал түүний нэг нь 7 сарын 01-ний гэх тодотголтойгоор яригдаж ирсэн хар хэрэг.

2008 оны 7 сарын 01-нд үйлдсэн хэргийнхээ гэм нүглийг ч өөрөө сайн мэдэж байгаа бололтой. Би ч буруутай хэмээн ам алдаж байна лээ.

Тиймээ тэр үед ард иргэдийн сонголтыг луйвардсаныг сайн мэдэж байсан Н.Энхбаяр одоо түүнийг хүлээн зөвшөөрч ярьж байна. Харин тэр үед шударга ёсыг хүсэж бухимдсан олон нийт ордны өмнөх талбайд цуглан шаардаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Н.Энхбаяр олны өмнө гарч ирээд сонголтыг луйвардсан сонгуулийн үр дүнг хүчингүй гэж зарласан бол тэр өдрийн эмгэнэлт хэрэг гарахгүй байсан. Төрийн тэргүүний хийх ёстой ажил үүрэг нь тэр л байсан. Сонгуулийг шударгаар явуулдаг болгох жишгийг тогтоох боломж, эрх нь, бас үүрэг хариуцлага тэр үед Ерөнхийлөгч Н.Энхбаярт оногдоод байсан юм.

Гэвч харамсалтай нь тэр үүргээ биелүүлээгүйгээс С.Баяр гэгч цусанд дурласан архичин этгээдийн “дэглэлтээр” Монголын төр 5 хүний амийг бүрэлгэж, олон сайхан залуусын эрүүл мэнд, амьдрал хувь заяаг хохироон сүйтгэсэн аймшигт хэрэг өдүүлснийг энд давтан нурших хэрэггүй биз ээ.

Монголын төрийн нэрээр үйлдэгдсэн энэ гэмт хэргийн хариуцлагыг үүрч Төрийн тэргүүний хувьд Н.Энхбаяр, гүйцэтгэлийг шууд хариуцах үүрэгтэй Ерөнхий сайдын хувьд С.Баяр нар хамгийн түрүүнд огцрох ёстой байлаа. Гэтэл огцрох нь байтугай сонгуулийн луйврыг шууд баталгаажуулан хууль бус засаглалыг тогтоосон нь өнөөдөр Үндсэн хуулийг уландаа гишгэсэн хууль бус Төрийг байгуулах хүртлээ даамжраад байгаа билээ.

Төрийг олигархижуулсан нүглээ ч тэрээр намыг санхүүжүүлэхийн тулд үүнээс өөр арга байгаагүй гэж тайлбарлалаа. Эрх мэдлийг олж авахын тулд намаа мөнгөжүүлье, намдаа мөнгөтэй хүмүүсээс хандив авч, мөнгөтэй хүмүүст албан тушаал худалдая гэсэн сэдэл нь төрийн эсрэг гэмт хэрэг гэдгийг энэ хүн ухаарч ойлгох чадваргүй ажээ.

Төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан энэ хүнд Монголын төрийг иймэрхүү буруу жишиг рүү оруулж болохгүй шүү!, өөрийн эрх мэдэлтэй байгаа үедээ үүнийг засаж өөрчлөе, болиулъя гэх сэтгэл, бодол ухаан ч төрж байгаагүй ажээ.

Харин бусад хүнд, бусад намд эрх мэдлийг хүртээхгүй зөвхөн өөртөө “өмчлөе” гэх атгаг шуналын сэтгэлээр төрийн алба, албан тушаалыг панз наймаа, мөнгө олох бас нэг бизнес болгох бузар хэргийг их л олзуурхан хэрэгжүүлжээ.

“Авлигын загалмайлсан эцэг” хэмээн “цоллогдох” нь ч аргагүй л юм байна.

Хөгжмийн авъяас төрийн хэрэгт хутгалдах эрх биш

    Мэдээж ийм хүн эцэг эх, авгай хүүхдээ төрийн хэрэгт хутгалдуулах нь юу ч биш.

Тухайн үед тэд нар нь бүгд л аль нэг яам, газруудын зөвлөхөөр ажилладаг гэж яригдаж байлаа. Ер нь төрийн ажлыг гэр бүлийн бизнес гэж ойлгож ирсэн шиг байгаа юм.

Тагнуулын байгууллагад элдэв хүн шургалуулах, уг байгууллагаар оролдох ажил эхнэр Цолмонгоо уг байгууллагын зөвлөхөөр тавьж ажиллуулж байснаас эхтэй ч гэж яригддаг.

Түүнийг нь шууд асуучихаас эмээсэн бололтой “Таны араас эхнэр чинь удирдаж зөвлөдөг гэсэн яриа явдаг?” гэсэн хөтлөгчийн асуултанд Н.Энхбаяр ч эхнэрийнхээ зөвлөгөөг дагадаг гэдгээ хүлээн зөвшөөрч, авгайгаа боловсролтой, УИХ-д ч нэр дэвшин өрсөлдөж байсан гэх зэргээр магтаад авав.

    “Мундаг боловсролтойг” нь ч хөтлөгч бүсгүй Анужин батлахыг хичээж “Би бүр цочсон ...” хэмээн уулга алдаад эхнэр Цолмонгийнх нь төгөлдөр хуур тоглож буйг харуулан, бичсэн гэх шүлгийг нь сонсгов. Нөхөртөө зориулж Цолмон өөрөө бичсэн гэнэ. Шүлгийнх нь утга нь ёстой нөгөө “сураглан матаж, магтан муулна” гэгчээр ертөнцөд огт байхгүй, байж болшгүй гэж үгүйсгэгдсэн санаа гарна лээ. Харин хөгжмийн талаар ямар ч ойлголтгүй над мэт нь сайн мууг нь юугаа хэлэх билээ. Хөтлөгчийн гайхаж байгаагаар бол Монголд байгаагүй гайхамшигт үзэгдэл бололтой юм.

    Харин хөгжмийн “гайхамшигт” авъяастай байгаа нь төрийн хэргийг удирдах чадварын үнэлгээ биш л дээ. Тэгээд ч үнэхээр Н.Энхбаярыг араас нь удирдаад зааварчлаад оролцоод байсан нь үнэн бол Төр самууруулсан гэм нүглийг эхнэр нь ч бас үүрэлцэх л болж таарлаа.

    Дашрамд дурьдахад нөхрийг нь шоронгоос суллуулахын төлөө ажилласангүй гэж МАХН-ын удирдлагыг дайрч давшилж загнаж гэнэ гэж хэвлэл мэдээллээр бишгүй л яригдаж бичигдэж байсан энэ эмэгтэй тус намыг хувийнхаа өмч, гишүүдийг нь хөлсний ажилчин, гэрийнх нь үйлчлэгч мэтээр боддог шиг байгаа юм.  

“Их өрийг тэглэв” хэмээх мунхруулга

Ардчиллын гэх жилүүдэд муухан орчуулгын буруу нэршил “тархи угаах” гэгч муу арга их хөгжлөө л дөө. “Тархи угаах” гэдэг нь монгол хэлний зөв үг хэллэгээр бол мунхруулга юм л даа.

Тэр мунхруулгаа муу муухай үйлдлээ зөвтгөх гэж хийнэ. Тухайлбал Төрийн өмчит компанийг удирдуулахаар зориуд ямар ч чадваргүй, өөрсдийн гар хөл болсон этгээдийг аваачаад тавьчихна. Тэгээд түүгээрээ дамжуулан ашгийг нь хулгайлж, элдэв хэрэггүй бараа шахаж, ажлыг нь унагаачихаад “Харав уу? Төр хамгийн муу менежер. Тиймээс хувьчлах хэрэгтэй” гэнэ. Энэ мэтээр нийгэмд ашигтай, хэрэгтэй бүхнийг өөрсдөө луйвардаж авах, муу бүхнийг сайн гэж ойлгуулах мунхруулгыг 25 жилийн турш хийж ирлээ.  

Та бүхэн “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Ёс суртахууны талаар хийсэн өмнөх дугаарт УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх “Улс төр гэдэг хамгийн бохир тоглоом, тиймээс чадвартай сайхан хүмүүс тийшээ орсны хэрэггүй, өөрсдийнхөө чаддаг ажлаа хийгээд л явж байх хэрэгтэй” гэж сурталчилж байхыг харсан байх. Үүнийг өнөөгийн эрх барьж буй намуудаас хэлэх нь их байдаг. Гэтэл Улстөрийг бузарлаж бохирлож байгаа хүмүүс нь эрх барьж буй улстөрийн намууд гэх гэмт хэргийн бүлэглэлүүд шүү дээ. Тэд хуйвалдаж Төр засгийн эрх мэдлийг ашиглан хулгай луйвар хийж байгаагаа улс төр гэж боддог, өөрсдөө төр засгийг самууруулж бохирлочихоод түүнийгээ улс төр гэж ер нь их бохир юм байна гэж ярьдаг, ойлгодог хүмүүс.

    Чухам тийм мунхруулгын суртал нэвтрүүлгийн нэгэн жишээ нь уг нэвтрүүлгээр онцгойлон гаргасан Н.Энхбаярын “Их өрийг тэглэсэн гавъяа”-г магтан дуулсан хэсэг байлаа.

Бусад хулгайч нартай нь харьцуулж, тэдний дэргэд бол хийсэн юмтай хэмээн ярих тэр “гавъяа” гэгч нь Монголын төрийг бусинуулсан гэм нүглийг нь үгүйсгэх “хэрэгсэл” болж чадахгүй бөгөөд олон түмний зүгээс улс төрд түүнийг цаашид дэмжих итгэлийн баталгаа болж бүр ч чадахгүй юм.   

Тэгээд ч “Их өрийг тэглэсэн гавъяа” Н.Энхбаярт биш харин ЗХУ задарсан нөхцөл байдалд хамаарах билээ. Үүнийг Н.Энхбаярын өөрийнх нь ярьсан үгийн зах сэжүүрээс ч ойлгож болно. “Элбэгдорж гэхэд л Одесст суралцаж төгссөн. Тэр бид хоёрын сургалтын төлбөр  гэхэд л тэр өрөнд багтаж байгаа” гэж хэлсэн нь хэрэв өр гэж ярьвал ЗХУ-аас задарч салсан бусад улсад ч Монгол улс өр төлөх ёстой болно гэдгийг сануулж байгаа үг.  

Хэрэв тэгэж ярих дээр тулвал БНМАУ, ЗХУ хоёрын хооронд тавигдсан өр учраас түүнийг Украйн эсвэл ОХУ дангаар нэхэх эрх зүйн үндэс байхгүй. Тийм ч учраас ЗХУ-ын үед бий болсон бусад улсын өр хүчингүй болсон.

ОХУ манайхаас хүчилж нэхэж чадахгүй байсны учир шалтгаан ч тэр. Ялангуяа энэ талаар олон улсад шуугиан дэгдээхийг огт хүсэхгүй нь мэдээж.

Гэтэл манайхан л намуудын хоорондын өрсөлдөөн, гуйхаас өөрийг хийж үл чадах сэтгэлгээнийхээ эрхээр өөрсдөө гүйж очиж “өр төлөх” үүрэг хариуцаж авчихаад түүнийгээ “Их өрийг тэглэв” гэж “шоудах” нь луйварчны л сэтгэлгээ билээ.

Энд уг сэдэвтэй холбоотойгоор “Ксяновын өр тэглэв бизнес” гэдэг номыг Оросын талаас бичсэн болон өр төлөхтэй холбоотойгоор Н.Энхбаярын нэр холбогдон олон сая доллар дундаас нь завшсан тухай элдэв яриаг сөхөж дурсахаа больё.

 Ер нь Монголын тархин дээр суусан хэдэн увайгүй этгээд худрагагүй зан гаргаж хоёр улсын харилцааг хүйтрүүлээгүй бол өр ярих нь байтугай дэмжлэг хүртээд сууж байх байлаа.

Хоёр том гүрний, хоёр их зах зээлийн дунд байгаа 3 сая хүрэхгүй хүн амтай манай улс ёстой иргэн бүрээ бүлтийтэл нь бөөцийлөөд бүгдээрээ ажилтай орлоготой, сэтгэл хангалуун сайхан амьдарч болох л шүү дээ.
 
Гэтэл өнөөдөр ард иргэд нь ядарч туйлдан амьдрах аргаа олж ядахдаа хэдэн луйварчны улыг долоочих шахан зулгуйдаж, тарьсан гайг нь гавъяа болгон зөвтгөх гэж талцан хэрэлдэх нь гутамшиг юм даа.  

Харин энэ бүхэн Н.Энхбаярт бол сэтгэл зовоох зүйл биш бололтой. “Алдахгүй хүн гэж байдаггүй, үүнээс цааш өмнөх алдаандаа уучлалт хүсээд, хэн нэгнээ яллаж шийтгэхийг бодолгүйгээр /”энэ бүхэн надаар төгсөг!” гээд байгаа юм шүү/ эвлээд цаашаа явах хэрэгтэй гэнэ ээ.

Муу авъяасаа дэлгэсэн эндүүрэл

    Ард иргэд хичнээн итгэл өгч магтан саймширлаач Н.Энхбаярын нөгөө бэртэгчин сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй.

    Төрийн ажил хэрэг хуулийг чанд мөрдөж байж явагддаг гэдгийг энэ хүн өнөөдөр ч ойлгоогүй л явна. Тиймдээ ч хууль зөрчсөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг тавьсан УИХ-ын гишүүн Баасанхүүг Солонгос руу дуудан аваачиж саналаа буцаан татах үүрэг өгсөн гэсэн яриа олны чихийг дэлдийлгэж байсан. Тэр нь ч батлагдаж өргөн барьсан саналаасаа буцаж няцахгүй гэж байсан Баасанхүү гишүүн саналаа татаж авснаар сонгогч олны дунд нэр хүндээ алдан “утсан хүүхэлдэй” гэж хочлогдон гутаагдав.

    Н.Энхбаяр гэгч энэ этгээд өөрийнхөө ашиг сонирхлын төлөө өөртэй нь нийлсэн нөхдөө хэнийг нь ч гэсэн золионд гаргаж нэр хүндийг нь шороотой хутгахаас сийхгүй ажээ. Даргынхаа итгэлийг алдахгүй гэхдээ УИХ-ын гишүүн Баасанхүүгийн нэр төр гутаагдах нь ч дүүрч, хамгийн муухай нь буруу зүйлийг өөгшүүлэн дэвэргэх ажлыг бусдын гараар хийлгэж, үүний тулд зөв үзэл бодолтой залуу хүний сэтгэл, ёс суртахууныг эвдэн үгүй хийж байгаа нь их хорлонтой юм.         
  
    Н.Энхбаярыг Монголд байх хугацаанд МАХН-ын бага хурал гэгч нэгэн “жүжиг” болсныг телевизээр хэд хоногийн өмнө харуулж байна билээ. Хөөрхий намынхаа даргыг хэлмэгдсэн шударга хүн гэдэгт итгэсэн намын гишүүд нь бусдад шоглуулсан эрх жаал аавдаа хов зөөх мэт Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбынхаа намын дүрэм зөрчдөг, гишүүдээ хагалан бутаргадаг, олонхийн шийдвэрийг хүлээж авдаггүй, авиргүй үйлдлийг бишгүй л ховлож байгаа харагдана лээ.

“Эзнийхээ” даалгавар шийдвэрийг л үг бүрчлэн биелүүлснийхээ төлөө  Г.Шийлэгдамба нь ийнхүү гишүүдийнхээ өмнө “муу нэртэй, луу данстай” амьтан болон үлдэж, харин Н.Энхбаяр өөрт нь ховлож буй гишүүддээ ачлалт эцгийн дүр үзүүлэн тохуутай инээмсэглэж суусан нь хүний гараар могой бариулдаг авъяасаараа бахархаж суусны илрэл нь тэр бизээ.

    “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо хүртэл “Л.Цог, Ч.Улаан нарын урвагч” гэх үгийг өөрөө биш Б.Лхагвасүрэн гуайгаар хэлүүлээд авч байна лээ.
    УИХ-ын дэд дарга Л.Цог руу Бавуугийн Лхагвасүрэн гуайг ашиглан дайрах болсон шалтгаан нь Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсэг зурсан саналаа буцааж татахыг Л.Цогоос шаардахад нь хүлээж аваагүй учраас л тэр.

    Солонгосоос ирсэн шалтгаан нь ч эх орноо санасандаа биш байжээ. 

    Монголын Төрийг гэр бүлийнхээ бизнесийн “компани” шиг бодож ирсэн Н.Алтанхуягт өөрөөс нь ялгарах юмгүй ижилхэн бодолтой Н.Энхбаяр л хань болж үлдэнэ гэдгийг тооцож нэлээн эртнээс бие биедээ “горьдлогын уяагаа” сунгаж байжээ. Тэр өдөр нь ч ирж намынх нь нөхөд ч улайрсан шуналыг нь зэвүүцэн түүнээс хөндийрч эхлэхийг мэдмэгц суудал эрх мэдлээ авч үлдэх сүүлчийн найдвар болгож Н.Энхбаярыг дуудсан нь тэр ажээ.

    Уг нь АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр хамтран ажиллах гэрээ байгууллаа гээд сүр дуулиантай “шоу” үзүүлээтэхлээр Н.Энхбаярыг дэмждэг “хар масс” Н.Алтанхуягийг зулгуйдагчдын хамтаар Ерөнхий сайдыг огцруулахгүй ээ! гээд “босоод” ирэх юм бодсон нь эндүүрчээ. Ордонд гүйгээд орохлоор МАН-ынхан сургаар нь хуйлран зугатдаг шиг Л.Цогийг зандраад Ерөнхий сайдыг огцруулах саналыг нь татуулчихна гэж бодсон чинь бас бүтсэнгүй. Урдаас нь Л.Цог хууль ёс яриад хөдөлсөнгүй.

    Тэгмэгц Н.Алтанхуягаас ямар ч гэсэн дутахгүй гэдгээ харуулах гэж Л.Цогийг намаасаа хөөх шаардлагыг МАХН-ын гишүүдээр гаргуулахаар компанит ажил өрнүүлэх гэсэн ч олигтой юм болсонгүй. Ард түмэн хэрсүүжиж, хэн нь зөв ярьж, зөв юм хийж байгааг ойлгохтойгоо болсныг хүний газраас зааж заавардаад, аясаар нь хөдөлдөг ганц нэгхэн “хүүхэлдэйтэйгээ” харьцаж байсан тэрээр мэдсэнгүй.

    Н.Алтанхуягтай нийлж Монголын ард түмний “тархин дээр дэвслэн” тоглох гэсэн жудаггүй санаа нь бүтсэнгүйд ум хумгүй Солонгос руугаа буцаж одов.  Дахиж хэзээ Монголд ирэхээ хэлж мэдэхгүй байна гэнэ. Эмчилгээгээ үргэлжлүүлэх л шаардлагатай байгаа юм гэнэ.

    Солонгос захирлаар хувийн телевизээ удирдуулж, Солонгос ламын номлолыг орчуулан Монголчуудыг “гэгээрүүлэх” гээд байгаа Н.Энхбаяр чухам юугаа ингэтэл удаан эмчлүүлээд байгаа юм бол доо?! Солонгост ямар ч гэсэн хүний тархи сэтгэлийг эмчилдэггүй л бололтой.

Хойноос нь өрөөсөн дугуй Н.Алтанхуяг нь ч бас “эмчлүүлэх” нэрээр зуларлаа.

Морины нуруу хугалж Монголын заяаг хэлтийлгэсэн Н.Энхбаяр гэгчийн үнэн дүр төрх энэ ажгуу.   

О.Лхагвадорж