sonin.mn

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд бичил уурхай эрхлэгчид, бичил уурхайн салбарт хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, тэдний хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл  хамтран ажиллахаар Санамж бичгийг байгуулсан.

    Тус санамж бичгийн дагуу бичил уурхай бүхий  12 аймгийн 42 сумдын нийгмийн ажилтны дунд чадавхи бэхжүүлэх сургалтыг өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж байна.

   Хоёр өдрийн турш үргэлжлэх чадвахжуулах сургалтын хүрээнд “Тогтвортой бичил уурхай” төслийн тухай Бичил уурхайн бодлогын эксперт Т.Энхцэцэг,  "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр Хүний эрхийн үндэсийн төвийн хуулийн зөвлөх С.Байгалмаа, "Гэр бүлийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах нь" сэдвээр Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор Б.Оюун-Эрдэнэ, "Халамжийн салбарын нийгмийн ажил, бичил уурхайтай сумдын нийгмийн ажилтнуудын анхаарах асуудлууд" сэдвээр  НХҮЕГ-ийн  мэргэжилтэн С.Отгондэлгэр, "Бичил уурхайн олон нийт ба нийгмийн ажлын үйлчилгээ" сэдвээр МУИС, Социологи нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш  Г.Түмэннаст зэрэг багш, судлаачид мэдээлэл өгөх  юм.  

   Нийгмийн ажилтнуудийг чадвахжуулснаар бичил уурхайчид, тэдний гэр бүлийн гишүүд болон бичил уурхайн салбарт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах боломж бүрдэх юм.

  Цаашид Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Бичил уурхайчдын нийгмийн хамгаалал үндэсний зөвлөгөөнийг бусад оролцогч талуудын хамт зохион байгуулах, Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанарын удирдлага, маркетинг загвар боловсруулж судалгааг хийн цогцоор нь шийдэх загварыг туршиж бусад орон нутагт нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.

   Мөн Бичил уурхай эрхлэгчдийн хүүхэд, Бичил уурхайн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн хөгжил, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн шат дараалласан арга хэмжээг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, орон нутгийн удирдлага, ялангуяа бичил уурхай эрхлэгчдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна.