sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамтран ажиллах албан ёсны урилгыг парламентад суудалтай намуудад хаяглан хүргүүлжээ. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буйн хувьд гаргасан түүний улс төрийн анхны шийдэл хэмээн үүнийг нэрлэж болно.

Улс орныхоо бодит байдалд тулгуурлан эрүүл дүгнэлт хийж, хүчээ нэгтгэхийг зоригтой уриалсан нь Ч.Сайханбилэгийн хувьд шийдмэг алхам байлаа. Нөгөө талаар залуу хүний хувьд улс төрийн хуваагдал, хагаралаас татгалзан, эвлэлдэн нэгдэхийг гол зарчмаа болгож байгаа нь олзуурхууштай нүүдэл болов.

МАН өнгөрсөн хугацаанд АН-аас сонгогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг гурван ч удаа өргөн барьсан. Тухай бүр МАН-ын дарга М.Энхболд гурван адил тайлбар өгсөн. Товчхондоо бол “МАН төрийн тогтворгүй байдлыг хүсээгүй, алдаагаа залруулж, ард түмнийхээ төлөө ажиллахыг шаардан,  хямралаас гарах арга замыг  эрэлхийлж байна” хэмээсэн хариултыг эрхэм М.Энхболд сонгогч олны нүүр өөд харж байгаад өгсөн билээ.

Хамгийн сүүлд Н.Алтанхуягийг тамгаа хүлээлгэн өгөхөд мөн л энэ хариултыг өгсөн бөгөөд АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжин ажиллана хэмээн ам алдаж байсан нь мартагдаагүй байна. Гэвч үнэн хэрэгтээ МАН төрийн тогтворгүй байдлыг хүсээгүй гэсэн гэнэн, цагаахан тайлбараасаа буцсаныг олон нийт мэднэ.

АН-аас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхэд бүтэн өдрийн турш хуралдан, татгалзсан шийдвэр гаргасан нь саяхан. Эдийн засгийн хямралтай хүнд үед гүйцэтгэх засаглал эзэнгүй хагас сар болчихоод байхад ийнхүү 2016 оныг харсан улс төрийн тоглоом тоглож эхэлсэн нь цагаа олоогүй хэрэг байлаа.

Тиймээс ч төрийн тогтвортой байдлыг хүсэмжлэн, эдийн засгийн байдал дээрдэхийг хүлээж буй ард түмний хувьд МАН хадны мангаанаас өөрцгүй харагдаж буй юм. Монголын төр Ерөнхий сайдгүй 14 хоноход ноён долларын ханш даруй 50 төгрөгөөр өссөн нь улс төрөөс шалтгаалах эдийн засгийн нөхцөл байдлын үнэн дүр зураг билээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдий өөрийг нь дэмжээгүй ч МАН-д мөн л хүчээ нэгтгэн, эвлэлдэн ажиллах анхны урилгаа хаяглажээ. Энэ бол нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэсний улмаас хийж буй түүний нүүдэл. Төрийг тогтвортой, хүртээмжтэй байлгах гэсэн Ч.Сайханбилэгийн санаа үнэн хэрэгтээ 2016 оны сонгуулийг чиглээгүй нь эндээс харагдана.

Төрөө тогтворжуулъя, эв нэгдлээ бэхжүүлье, эвтэй, хүчтэй Монгол улс руу гаднын хөрөнгө оруулалтыг татъя гэсэн түүний бодлого зүй нь улс төрд С.Баяраас хойш дахин ирж буй эрүүл хандлага, эрүүл онош, шудрага зарчим юм. Ч.Сайханбилэг ил тодоор “Хамтарч хямралаас гаръя, үр дүнг нь хамтдаа үзье, алдаа байвал хамтдаа залруулъя” хэмээн уриалж буй нь энэ. Одоогийн байдлаар парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн МАН-аас бусад нь эвлэлдэн нэгдэхийн ач холбогдлыг ойлгон хүлээж авч буй юм.

Харин МАН-ыг олон нийт анхааран ширтэж байна. Төрийн тогтвортой байдлыг эрхэмлэнэ хэмээн ярьж, амласаар ирсэн МАН төр барих туршлагатай улс төрийн хүчний хувьд шинээр байгуулагдах Засгийн газарт хувь нэмрээ оруулбал эдийн засгийн хямралтай хэдий ч Монгол улс туурга бүтэн, тооно тэгш, багана бүрэн болох билээ. Гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зайгаа барин зугтах болсны хамгийн том шалтгаан нь манай улс төрийн хүчнүүдийн хагарал бутрал, нэгнийхээ эхлүүлсэн ажлыг нөгөөх нь татан унагадагт байсан.

Мэдээж, хуулийн таатай нөхцөл, татварын эрүүл орчин нөлөөлсөн хэдий ч хэрүүлтэй айлаас хишиг буян зайлна гэгчийн үлгэрээр орсон нь үнэн юм. Харин өдгөө Ч.Сайханбилэг тэр нэгэн цагт МАН-ыг үндэслэгч Д.Сүхбаатарын хэлсэнчлэн “Бидний улс эв санааг нэгтгэвээс хүрэхгүй газар, биелэхгүй зорилго гэж үгүй билээ” хэмээн хэлж чадлаа.

Саяхан “Ройтерс” агентлагийн сурвалжлагч “Монгол Улс дэлхийд томд тооцогддог ашигт малтмалын орд газруудтай хэдий ч түүнийгээ эргэлтэнд оруулах боломж өнөөг хүртэл бүрдэхгүй байгаа бөгөөд улс төрийн тогтворгүй байдал нь энэ улсын эдийн засгийн хямралд нэрмээс болж байна” хэмээн“Эдийн засгийн хямралтай байгаа Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай боллоо” нийтлэлдээ дурдсан байсан. Тэгвэл хямралыг гэтлэх түлхүүр нь төрийн тогтвортой, эв нэгдэлтэй байдал гэдгийг Ч.Сайханбилэг олж харжээ. Харин бусад улс төрийн хүчнүүд хэрхэн үзэж байгаа нь сонин.

Магадгүй эндээс Монголын улс төрийн намуудын үнэн дүр төрх, мөн чанар харагдах учиртай. Тэд төр болж тоглоод өдий хүрэв үү, төрийн төлөө зүтгэв үү гэдгийг ялгаж салгах сүүлийн хариулт нь энэ байх болно.