sonin.mn

БНТУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсыг хавсран суугаа шинээр томилогдсон Батлан хамгаалахын атташе, хурандаа Айхан Эрхан энэ сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хурандаа Айхан Эрханыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нар хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын ирэх онд хэрэгжүүлэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын дараагаар хурандаа Айхан Эрхан Батлан хамгаалах их сургуульд зочлон, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулж буй “Атташегийн цаг” арга хэмжээнд оролцож, өөрийн орны Зэвсэгт хүчний талаар товч танилцуулж, оролцогчидтой харилцан ярилцлаа. Түүнчлэн Турк хэлний танхимаар зочлон, Турк хэл суралцаж буй цэргийн алба хаагчидтай уулзсан юм.

Айлчлалын төгсгөлөөр “Хааны эрэлд” олон улсын сургууль зохион байгуулагддаг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийн хамт зочлон, ангийн үйл ажиллагаатай танилцах болно.