sonin.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Нийслэлийн 2015 оны Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байна. Нийслэлийн 2015 оны төсвийг онцлогийг дурдвал?

-Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг үндсэн 3 бодлогын чиглэлд тулгуурлаж боловсрууллаа. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хангах зорилгоор нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны төвшинөөс бууруулахгүй байх зарчмыг баримталж байна.

Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах чиглэлээр төсвийн төслөө боловсрууллаа.

-Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд урсгал зардлын хэмнэлт, орон тооны давхардлыг хэрхэн хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

- Нийслэлийн 2015 оны төсөв үндсэндээ хэмнэлтийн горимд бүрэн шилжсэн төсөв болж байгаа. Монгол Улсын Засгийн газрын “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийн хүрээнд урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулсан.

Мөн 186 удирдах албан тушаалтан буюу нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарын орон тооны цалин, холбогдох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцоод байна.

Харин орон тооны давхардлын хувьд чиг үүргийн давхардалттай гэж үзэж буй зарим агентлагийн нэгтгэх, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөх саналыг оруулсан.

-Нийслэлийн удирдлагууд УИХ-аар Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр нийслэлийн төсөвт хүндрэл гарахаар төсөл боловсруулсан талаар багагүй шүүмжлэлтэй хандаж байсан.

Тухайлбал, Нийслэлийн эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын байгууллагын ажилтнуудын цалин, ахмад настан, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийг хот хариуцна гэсэн. Энэ асуудал хэрхэн тусгасан вэ?


- Хот Улсын төсөвт жилдээ 41 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг.  Ирэх оноос энэ орлогыг өгөхөө больж, Сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийн 53,1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болсон.

Энэ нь хотод 12 гаруй тэрбум төгрөгийн зардал шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал болох 280,0 тэрбумыг Улсын төсвөөс шийдвэрлэхээр болсон.

-Нийслэл 2015 онд хийгдэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал?

- Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын захиалга маш их байгаа. Бүх ажлыг хийх боломж байхгүй ч үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлбэл зохих чиг үүргийн хүрээнд 178,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ажлыг хийхээр төлөвлөж байна.

Үүнд 42,1 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлэн хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд, 19,2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дагуу концессын гэрээгээр хийгдэх ажилд, 117 орчим тэрбум төгрөгийг шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төсөвлөсөн байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 сургууль, 9 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна гэж тооцож байна.

Автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн хийгдэх бол шинээр нийслэлийн хүүхэд, багачууд, залуучууддаа зориулан одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг өргөтгөж, Хүүхдийн урлан бүтээх төв, Залуу техникчдийн ордон болгохоор шаардагдах хөрөнгө оруулалтыг оруулж эхлэхээр төсвийн төсөлд тусгалаа.